Борис Будаевт “Буриадын Хүндэт иргэн” цол олголоо

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 07

ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотод саяхан Борис Будаевын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн явагдсан билээ.
 

Тэмцээний үеэр Буриадын тэргүүн Алексей Самбуевич Цыденов алдарт бөх Будаевт “Буриадын Хүндэт иргэн” цол олгох зарлигт гарын үсэг зурлаа. Тэрээр “Эрхэм хүндэт буриад түмэн минь, хүндэт зочид оо. Манай улсад дэлхийн шилдэг тамирчид, олимпын аваргууд зочлон ирсэнд баяртай байна. Нутгийн зон олон минь, манай Борис Дугданович бол Азийн аварга, Европын аварга, ОХУ-ын 4 удаагийн аварга, дэлхийн аварга бөх. Будаев аварга одоо ч эрүүл амьдрах ёс, эх оронч үзлээр залуу үеийг хүмүүжүүлэх ажил хийж байгаа хүн. Ард түмнээс Борис Будаевт “Буриадын Хүндэт иргэн” цол олгох санал хүсэлт их ирж байна. Тиймээс түүний 65 насны ойг тохиолдуулан, энэхүү хүндэт цолоор шагнаж байгаагаа уламжилъя” гэж хэлжээ.

Борис Будаев шагналаа гардан аваад “Залуу үеэ хөгжүүлэх, хүмүүжүүлэх ажилд улам их хичээн ажиллах болно. Буриад тамирчид медалийн тавцан дээр, хамгийн дээд талд нь байнга гарч байхын төлөө зүтгэнэ. Засгийн газар маань спортыг дэмждэг болохоор бид чадна. Энэ хүндтэй цолыг авах нь нэр төрийн хэрэг” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top