Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин
Хөлбөмбөгийн ертөнцөд олон зуун жилийн түүхтэй, тоглолт болгон нь "гал гардаг", хот, улс, дэлхий даяар чих тавин хүлээж, мэлмий баясган үздэг олон арван "rivalry" -"мөнхийн дайснууд" байдаг.
Бразилийн "Фла -Флу" , Аргентиний "Бока Хуниорс"-"Ривер плейт", Шотландын "Глазго Рэйнжерс" -"Селтик", Английн "Ливерпүүл"-"Манчестер Юнайтед", Туркийн "Фенербахче"-"Галатасарай", Сербийн "Партизан"-"Црвена Звезда" гээд дурьдаад байвал барагдахгүй.
Гэхдээ энэ бүх өрсөлдөөн Испанийн "Эль Класико"-ийн дэргэд юу ч биш гээд л бодчих.
Хөлбөмбөг сонирхдог хэнбугай ч эрт орой , хэзээ нэгэн цагт "Эль Класико"-г үзэхийг хүсэж, бодож явдаг гэвэл нэг их буруудахгүй байх. Бүүр тэс өөр багийн улаан фэн байсан ч ийм боломж гарвал алдахгүйг л хичээх байх.
Тэгвэл " Эрүүл явбал улсын наадам үзнэ" гэж ярьдгаар энэхүү нийтлэлийг тэрлэгч надад "Эль Класико" үзэх, бүүр сурвалжлах боломж гарсан, хэдхэн хоногийн өмнө.
Тиймээс "Орегон-2022" хөнгөн атлетикийн ДАШТ дээр ажиллаж байгаад сүүлийн ганц хоёр өдрийг "хаяад" (Дюплантисийн дэлхийн рекордыг харж чадаагүйдээ л жаахан харамссан ч "Эль класико" энийг доор нь мартуулсан) Лас Вегасын зүг довтолгосон билээ.
За одоо "Эль класико" гэдгээ жаахан тайлбарлая. Хөлбөмбөгийн хорхойтнууд бол тэртээ тэргүй сайн мэдэж буй. Испанийн Мадрид хотын "Реал" болон Каталоны "Барселона" хөлбөмбөгийн багуудын өрсөлдөөнийг ийн нэрлэдэг. Испани хэлээр бол El clasico гэдэг нь классик буюу сонгодог тоглолт гэсэн үг болой.
Испанийн "Эзэн хааны" гэгддэг Мадридын "Реал" , үндсэрхэг үзэлтэй, мөнхөд Испаниас салан тусгаарлахын төлөө байж ирсэн Каталон мужийн Барселон хотын "Барселона" багуудын халз тоглолт шиг дэлхийд алдартай "тулаан" үгүй. Олон жилийн түүхтэй , том нэртэй, том багууд, дэлхийд хөрөнгө чинээ, бэл бэнчин, амжилт, хөгжөөн дэмжигч фэнүүдийнхээ тоогоор тэргүүлдэг,үеийн үед шилдэг тоглогчдыг "цуглуулдаг" хоёр баг хоорондоо тоглохоор " гал гаралгүй" ч яахав. Дээр нь улс төр, хоёр багийн, тоглогчдын амбиц нэмэгдэхээр гал дээр тос асгасан мэт дүрэлзэх ажгуу.
Сүүлийн хэдэн жилд "Эль Класико"-гийн нэр хүнд бүүр ч их өссөн. Аргагүй ээ, хөлбөмбөгийн ертөнцийн нэгэн үеийн хоёр супер од Криштиану Роналдо -Лионель Месси хоёр энэ багуудад тоглож, халз өрсөлдөж байсан юм чинь.
"Эль класико" бол зөвхөн хоёр багийн тоглолт биш ээ.
Асар том үндэстэн хоорондынөрсөлдөөн, үзэл бодлын зөрчилдөөн, агуу их бизнесийн тэмцэл, алдар суу, нэр хүндийн төлөөх " дайн" юм аа.
Роналдо "Реал"-аас, Месси " Барса"-аас явсны дараа "Эль класико" -ийн нэр хүнд унана гэж ярьцгааж байсан хүмүүс мэр сэр бий. Тэгвэл үгүй аж.
Классик юм чинь классикаараа л байдаг гэдгийг үзлээ, харлаа, мэдлээ. Хэзээ, хаана тоглох, хэн хэн бүрэлдэхүүнд нь байх ёстой падлий ч алга. Бүүр хэн нь хэдээр хожих ч гол нь биш.
Лас Вегасын "Allegiant" хэмээх хоёр жилийн өмнө ашиглалтад орсон, зарцуулсан хөрөнгө мөнгөөрөө( 1,9 тэрбум ам.доллар) дэлхийд хоёрт ордог 61,000 хүний суудалтай, битүү дээвэртэй "тасархай" цэнгэлдэхэд "Эль класико" болсон юм. Гадаа " нар газардсан " мэт төөнөж, 107 фаренгейт ( 42 орчим градус дулаан цельсээр) зааж байсан ч цэнгэлдэх дотор бол ердийн дулаан өдөр мэт байлаа. Мэдээж тасалбар бол бүгд зарагдсан, хамгийн хямд нь 300$ орчим гэж байсан. Ер нь Америкт багтаамж томтой цэнгэлдэх хүрээлэн олон, үзэгчид бэлэн байдаг болохоор Европын том багууд улирлын өмнөх нөхөрсөг тоглолтоо АНУ-д их хийх юм даа.
Хэдхэн хоногийн дараа Пасаденад , алдарт "Rose Bowl"-д Италийн "Ювентус"- "Реал Мадрид" багуудын тоглолтыг мөн үзэхэд 90,000 гаруй үзэгч үзэж, бас л бүх тасалбар зарагдлаа гэж зарлаж байсан.
Лас Вегасын "Эль класико"-д "Барса"-ийн бүрэлдэхүүнд Левандовски, Рафинья гээд шинээр ирсэн, олны анхаарлыг ихэд татаж буй тоглогчид гараанд гарсан. Энэ тоглолт " Soccer champions tour 2022" нөхөрсөг тоглолтын хүрээнд явагдсан юм. Зохион байгуулагчид маш сайн ажилласныг зориуд дурьдсу.
Тэмцээний өмнөх , тоглолтын дунд, төгсгөлд гээд мэдээллийг сэтгүүлчдэд маш хурдтай, дэлгэрэнгүй өгч, цэнгэлдэх хүрээлэнд ажиллах орчинг тун догь бүрдүүлж( үүнд хэвлэлийн бага хурал, ярилцлага авах, тоглолтын өмнөх өдрийн бэлтгэлийг сурвалжлах, за тэгээд хоол, унд, ус, ундаа, цай, кофе , машины зогсоол гээд бүгд орж байгаа) өгсөн нь Лас Вегас, Сан Франциско, Лос Ажелест яг адилхан байв.
Сонирхуулахад "Барса"-ийн хамгаалагч Жерар Пикег бөмбөгт хүрэх бүрт "Реал"-ийн төдийгүй "Барса"-ийн фэнүүд шүгэлдэж, " бүүлж" байсан. Мэдээж үзэгчдийн дийлэнх нь латин америкууд. Тэгэхээр Латинчуудын шүтээн Шакирагаас хэл амтай "салж" буйд дургүйцсэн ч хүн байгаа байх, харин "Барса"-ийн фэнүүд бол Мессиг явахад нөлөөлсөн "буруутны нэг" бол Пике гэж үздэг тул тийн дургүйцлээ илэрхийлж байгаа юм билээ.
Лас Вегасын " Эль класико" 283 дахь нь болсон. Анх 120 жилийн өмнө буюу 1902 оны тавдугаар сард "Барселона"-"Реал" хоёр анх халз тоглосон түүхтэй. Түүнээс хойш 283 удаа ( үүнээс 34 нь нөхөрсөг тоглолт) Испанийн лигийн болон Эзэн хааны цомын тэмцээн, Европын цомын тэмцээн, "Аваргуудын лиг" гээд олон тэмцээний талбарт учирч, алдарт "Сантьяго Бернабеу", "Камп ноу" тэргүүтэй томоохон цэнгэлдэхэд, Ази, Америк, Европ тив гээд энд тэндгүй л тогложээ.
Эрүүл явбал "Эль класико" үзнэ гэж үнэн болой. "Эль класико" мөнх авай!!!
Лас Вегас-Сан Франциско-Пасадена, 2022 он
Сэтгэгдэл ( 0 )