ШАТРЫН ОЛИМПИАД: Т.МӨНХЗУЛ нэг ч хожигдолгүй явна

Админ | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин

Энэтхэгийн Ченнайд болж буй ФИДЕ-ийн 44 дэх удаагийн шатрын олимпиадын 9 дүгээр өрөг өчигдөр (2022.08.07) явагдлаа.

Есөн өргийн дараах байдлаар манай эмэгтэй баг 6 хожиж, 1 тэнцээ, 2 хожигдол, 13 оноотой 162 багаас 11 дүгээрт бичигдэж байна.

Хувийн буюу ширээний амжилтаар Топ-20-д манай гурван эмэгтэй шатарчин яваа. Тухайлбал нэгдүгээр ширээнд эмэгтэйчүүдийн Их мастер А.Энхтуул 7 өрөг тоглосноос 2 хожил, 4 тэнцээ, 1 хожигдолтой, 4 оноотой 14 дүгээрт, 3 дугаар ширээнд эмэгтэй Олон улсын мастер Т. Мөнхзул 9 өрөг тоглож,  5 хожил, 4 тэнцээ , 7 оноотой "айргийн тавд" яваа бол 4 дүгээр ширээнд ОУШХ-ны дэд мастер Б.Мөнгөнзул 8 өрөг нүүснээс 7 хожиж, нэг хожигдон 7 оноотой IV ширээндээ хоёрдугаарт явж байна.

Үлдсэн хоёр өрөгтөө сайн тоглоход ширээндээ медальт байрт шалгарах бүрэн боломжтой.
 


Өнөөдөр манай эмэгтэй баг 12 -т жагсаж буй Болгарын багтай хөлгийн ард сууна.

Манай эрэгтэй баг 9 өргийн дараа 4 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой, 10 оноотойгоор 188 багаас 62 дугаарт яваа. Хувийн буюу ширээний амжилтаар гуравдугаар ширээнд сууж буй Их мастер Б.Гүндаваа 7 өрөг наадаж, 4 хожил, 2 тэнцээ, 1 хожигдолтой, 5 оноотой ширээндээ 18 дугаар байрт бичигдэж байна. Маргааш манай эрэгтэй баг Зимбабве улсын багтай "оюуны бяраа" үзнэ.

Өчигдөр манай Их мастерууд А.Энхтуул, Б.Гүндаваа нар энэ Олимпиадын анхны хожигдлоо хүлээсэн. Одоо Монголын багаас Төрмөнхийн Мөнхзул нэг ч хожигдолгүй олимпиадыг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зөвдөө хө(103.57.93.79) 2022 оны 08 сарын 08

төрмөнхийн мөнхзул маш сайн байна

0  |  0
Top