Ирэх олимп, Азийн наадмыг угтан Хятадын шигшээ баг гадаадын сайн мэргэжилтнүүдийг олноор урьж байна. Жүдо бөхийн баг нь Испани, Япон дасгалжуулагчтай болсон бол чөлөөт бөхийн баг нь орос дасгалжуулагч урьсан. 1980-аад оны үед Монголд ажиллаж байсан ОХУ-ын Гавьяат дасгалжуулагч Маирбек Юсупов Хятадын шигшээ багийг удирдах болсон талаар бид мэдээлсэн. Тэрээр дөнгөж сая Бакуд ажилдаа оржээ. Түүнтэй Оросын сэтгүүлчид уулзан ярилцсан байна.
- Та Хятадын багтай нэгдүгээр сард гэрээ байгуулсан. Яагаад одоо л ажилдаа орж байна вэ?
- Казахстан дахь ажлаа дуусгаад би нэгдүгээр сард Хятадаас санал хүлээн авсан. Эмнэлгийн үзлэг, виза, бичиг баримт гээд бүтэн сар өнгөрсөн. Гуравдугаар сард очих гэж байсан ч тэр үед ОХУ-аас Хятад нисэх бүх нислэгийг цуцалсан юм. Маш үнэтэй ч Истамбулаар дамжин очих гэж хөөцөлдсөн ч болихоор шийдсэн. Хятадад ковидийн халдвар газар авч, гадаадаас ирсэн бүх хүн 21 хоног карантинд суух болсон байлаа. Ингээд Хятадын шигшээ Европт ирэхэд нь ажлаа эхлэхээр боллоо. Румынд цугларалт хийх байсан ч тэд хятадуудад виза өгсөнгүй. Дараа нь Польшийн тэмцээнд очих байсан ч энэ удаад надад виза гарсангүй. Ингээд Хятадтай визагүй байдаг Европын Турк, Азербайжан, Украин, Беларусь, Гүрж гэсэн таван орны аль нэгэнд цугларалтад гарахаар холбооноос шийдсэн юм. Би Азербайжаныг сонгосон. Нөхцөл сайтай, Чөлөөт бөхийн холбоо нь ч сайн дэмждэг. Одоо манай баг Бакуд Азербайжаны залуучуудын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.
-Баг хамт олон тань хэрхэн хүлээн авав?
- Маш сайн. 13 бөх, дасгалжуулагч гээд нийт 20 хүнтэй баг ирсэн. Бүгд Хятадын АШТ-д сонгон шалгаруулалтдаа тэнцсэн, ирэх сард болох ДАШТ-д сонгогдсон бөхчүүд байгаа. Ирээдүйтэй, маш сайн бөх ч бий. Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчин ч байгаа. Орчуулагчтай ч бид бөхийн хэлээр бие биеэ асуудалгүй ойлгож байгаа.
- ДАШТ болтол Бакуд бэлтгэл хийх үү?
- Үгүй. Наймдугаар сарын 31-нд Хятадын шигшээ Сербид очно. Тэнд сүүлийн цугларалттай ч би ажлын визээ сунгахын тулд Хятад явах шаардлагатай болчхоод байгаа. Харин дэлхийн аваргын тэмцээний дараа багтайгаа жинхэнэ ёсоор ажиллаж эхлэх болно. Биднийг хятадуудын хувьд маш чухал тэмцээн болох Азийн наадам хүлээж байна.
Сэтгэгдэл ( 0 )