Намрын тэмцээний банцүкэг урьдчилан шинжихүй

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 19

Ирэх сарын 11-нд Токиод мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн эхэлнэ. Харин энэ сарын 29-нд тус тэмцээний банцүкэ гарах учиртай. Намрын тэмцээний банцүкэг гаргах гэж Сүмогийн холбооноос толгойгоо нэлээд гашилгаж байгаа сурагтай. Энэ нь ч аргагүй.

Өнгөрсөн Нагоя башё коронавирусний халдварын шинэ давлагаа дунд өнгөрсөн. Холбооноос тэмцээний долоо хоногийн өмнө бөхчүүдийг шинжилгээнд хамруулж, бүгд сөрөг гараад байлаа. Харин асуудал яг тэмцээний өмнө эхэлсэн юм. Тагоноүра дэвжээнээс халдвар илэрч Такаясү тэргүүтэй бөхчүүдийг нь бүгдийг нь өнжөөлөө. Гэвч тэмцээн дуусан дуустал халдварын тохиолдол зогссонгүй. Сүүлийн өдөр холбооны тэргүүн Хакккаү ояката ч ордонд ирж чадсангүй. Холбооноос халдвар гарсан дэвжээг бөх, засуул, ояката нартай нь бүгдийг нь тэмцээнээс гаргаж байлаа. Ингэснээр нийт 620 бөхийн 170 нь тэмцээнээс гарлаа. Үүнээс 23 нь жюүрёо, дээд зиндааны цолтой бөх байв. Барилдааны оноолт гарсан хойно халдвар илрэх тул зарим өдөр дээд зиндааны 16 барилдаанаас долоо нь явагдах боломжгүй болж байв. Ийм юм сүмогийн түүхэнд дайны үед ч гарч байсангүй. Хамт олноороо амьдардаг сүмо бөхийн дэвжээ спортын бусад төрлөөс онцлог тул нэг халдвар гарахад дэвжээг тэр чигээр нь хасна гэсэн дүрэм ч энэ байдалд нөлөөлсөн юм. Халдвар нь далд үедээ байсан бөх барилдчихаад маргааш нь түүнээс коронавирус илрэхэд түүнтэй барилдсан бөхөөс нь нөгөөдөр илрэх жишээтэй.

Сүмогийн холбооны цар тахлын дүрэмд ковидоор өнжсөн бөхийн банцүкэг ирэх тэмцээнд нь хэвээр үлдээнэ, эсвэл ганц шат буулгана гэж заасан. Харин тэмцээний үеэр халдвар гарсан бөхийн чансааг яах талаар өгүүлээгүй тул ирэх тэмцээний банцүкэг гаргах гэж маргаан гарахыг ч үгүйсгэхгүй. Ямар ч гэсэн дэвжээнд нь халдвар гарсны улмаас өнжсөн манай Тамавашигийн дараалан барилдаж байгаа рекорд амжилтыг таслалгүй үргэлжлүүлнэ гэж холбооноос мэдэгдсэн байгаа.

Ингэхэд Намрын тэмцээний банцүкэ яаж гарах бол? Таамаглаад үзье. Онцгой анхаарал татсан нь кадобан барилдсан озэки Митакэүми хоёрхон давж, 4 унаад байхдаа тэмцээнээс гарсан. Өөрөө халдвар аваагүй, дэвжээний бөх нь корона туссан байлаа. Түүнийг озэкигоос унагаахад хэлмэгдүүлэлт болох тул дахин кадобан чигээр нь үлдээх нь шударга хэрэг. Харин бусад бөхчүүд дээр бол өнжих үедээ даваа нь их байсан бөхийг дээшлүүлж, тэнцүү байсныг нь байранд нь үлдээн, унаа ихийг нь доошлуулах ёстой. Харин барилдалгүй даваа авсан, эсвэл алдсаныг нь тооцооноос хасах хэрэгтэй.

Барууны сэкивакэ Дайэйшёо 6 даваа, 6 унаатай байсан тул цолонд нь үлдээв. Түүнээс бусад комүсүби, сэкивакэ цолтнууд бүгд 50 хувийн амжилтаа үзүүлсэн. 12 давж түрүүлсэн Ичиножёо маэгаширагийн 2-оос комүсүбид дэвшиж, маэгаширагийн зүүний нэгт 8 давсан Кирибаяма ч комүсүби болох ёстой. Ингээд ирэх тэмцээнд дөрвөн комүсүитэй башё болох нь.

Дээд зиндаанаас буух бөх Дайамами, Шиманоүми, Чиёомарү нар. Жюүрёогоос дээд зиндаанд дэвших болзлыг биелүүлсэн нь ганцхан Рюүдэн байна. Тэгээд амжилтаар нь жагсаахад Миторюү, Хирадоүми нар дараалж байна. Хэрэв энэ хоёр бөх дэвших болбол хоёулаа анх удаа дээд зиндаанд барилдах юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oo boli2...(175.192.142.65) 2022 оны 08 сарын 23

Za tyryylchiheed sekiwaky avahgyi baihdaa yadiin...

0  |  1
Зочин(64.119.21.188) 2022 оны 08 сарын 23

Нэг л их сумо сумо гэх, одоо энийг тоодог, уздэг амьтан ганц ширхэг ч байхгуй ш дээ

0  |  5
Top