Шатрын хаан ТИТМЭЭ ХАМГААЛАХГҮЙ

Админ | Zindaa.mn
2022 оны 08 сарын 22

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Өнөө цагийн шатрын хаан, дэлхийн аварга  Норвегийн шатарчин Магнус Карлсен  ирэх жил болох Дэлхийн аварга цолоо хамгаалах "тулаанд" оролцохгүй  гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

2004 онд 13 нас, дөрвөн сар, 27 хоногтойдоо шатрын ертөнцийн оргил Их мастер цолыг хүртэж байсан Магнус Карлсен 2013 онд Энэтхэгийн Их мастер , дэлхийн аварга Вишванатан Анандыг хожин дэлхийн аварга болсон бөгөөд 2014 онд В.Анандыг, 2016 онд ОХУ-ын их мастер Сергей Карякиныг, 2018 онд АНУ-ын их мастер Фабиано Каруанаг, хамгийн сүүлд 2021 онд ОХУ-ын Их мастер Ян Непомнящийг хожин дэлхийн аварга цолоо 2013 оноос хойш дөрвөн удаа хамгаалж, 5 удаа дэлхийн аварга болсон. Мөн Карлсен сонгодог шатраас гадна рапид шатрын дэлхийн гурав, блиц шатрын дэлхийн таван удаагийн аварга юм.

Дэлхийн аварга цолоо хамгаалах дараагийн тэмцээн 2023 оны хавар болох товтой ч Карлсен цолоо хамгаалах тоглолт хийхийг хүсэхгүй байгаагаа эртнээс цухалзуулж ирсэн.

Тэрбээр эхэндээ өөрт нь ямар ч хөгжил дэвшил, тэмүүлэл, зорилго төрүүлэхгүй байгаа цолоо хамгаалах тоглолтоос "залхаж" байгаагаа өгүүлж, мөн классик-рапид-блиц гурван төрөл багтсан тэмцээн хийвэл сонирхолтой байж болох, хэрэв 19 настай их мастер Алиреза Фиружуг түүнтэй өрсөлдөхөөр шалгарвал бодож болох юм гэж байв.

Фиружу бол иран гаралтай, 2021 оноос Францын нэрийн өмнөөс нүүх болсон  бөгөөд 14 настайдаа их мастер болж, хамгийн залуудаа чансаа нь 2800 давсан шатарчин болж байсан юм.

Гэсэн ч Фиружу дэлхийн аваргын төлөө өрсөлдөр сонгон шалгаруулалтын тэмцээнд найман шатарчнаас дөнгөж зургадугаар байрт орсон билээ.

Сонгон шалгаруулалтын тэмцээнд 2021 онд Карлсентай дэлхийн аварга цолны төлөө өрсөлдсөн Ян Непомнящий түрүүлсэн нь Карлсенд бүүр ч сонирхолгүй болсон бололтой. Учир нь тэрбээр 2021 онд Непомнящийг 7,5:3,5 оноогоор төвөггүй хожиж байсан юм.

Ингээд шатрын дэлхийн аварга маань цолоо хамгаалах бодолгүй байгаагаа албан ёсоор мэдэгдэв.

Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд Магнус Карлсен шатар тоглохоо больж, эсвэл зодог тайлж буй хэрэг огт биш. Бусад уралдаан тэмцээнд тэр тоглосоор л байх болно.

Дэлхийн аварга шатарчин цолоо хамгаалахаас татгалзаж буй анхны тохиолдол ч бас энэ биш.

Та бидний сайн мэдэх домогт, дуулиант  дэлхийн аварга,  АНУ-ын их мастер( сүүлд 2005 онд АНУ-ын иргэншлээсээ татгалзаж, Исландын иргэншилтэй болж байсан) Роберт Фишер 1975 онд дэлхийн аварга цолоо хамгаалахаар ЗХУ-ын Анатолий Карповтой тоглохын тулд ФИДЕ -д 64 шаардлага тавьж, ФИДЕ энэ бүх шаардлага нөхцлийг Фишертэй олон удаа яриа , хэлэлцээр хийн зөвшөөрч байсан ч ганц шаардлагыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тэр нь юу байсан гэхээр Фишер дэлхийн аваргын цолын төлөө тэмцээний журмыг өөрчлөх, тухайлбал түрүүлж 10 хожил авсан нь ( тоглолтын хязгааргүй) аварга болох, хэрэв оноо 9:9 болбол Фишер дэлхийн аварга цолоо хадгалж үлдэх гэсэн "тулган шахалт" байв. Мэдээж ФИДЕ энэ нь шударга өрсөлдөөнд харш, хэн нэгэнд давуу байдал олгохгүйн тулд Роберт Фишерийн дэлхийн аварга цолыг хураан А. Карпов шууд дэлхийн аварга болж байсан түүхтэй.

Энэ удаа ФИДЕ Магнус Карлсенийг "гуйж, гувшаад" байхгүй бололтой. Сонгон шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Ян Непомнящий болон  тус тэмцээнд " аман хүзүүдсэн" БНХАУ-ын их мастер Ди Ли Жэнь нарын хооронд 2023 оны хавар дэлхийн шатрын аварга цолын төлөөх халз тоглолт болно гээд мэдэгдчихлээ.

Эцэст нь Магнус Карлсен шатрын "Хаан ширээнээс" бууж, шинэ дэлхийн аварга төрсөн ч Норвегийн Их мастер шатрын ертөнцийн хамгийн нөлөөтэй хүн хэвээр үлдэнэ.

Түүний 2013 онд хамтран байгуулсан Play Magnus AS компани нь эдүгээ групп болон өргөжиж, шатартай холбоотой chess24, Chessable, Ichess , New in Chess , Everyman Chess зэрэг олон компани, платформ, хэвлэлийн газрыг худалдан авч , өөрийн болгосоор ирсэн.

Шатрын тэмцээн зохион байгуулах, сургалт, хичээл, онолын тайлбар, уран зохиол, ном, сэтгүүл, товхимол , ТВ эрх, бүүр бэлэг дурсгал, хөргөгчний наалт гээд шатартай холбоотой  том жижиггүй бүх зүйлд Play Magnus "Эзэнт гүрэн"-ээ тэлсээр байна.

Бизнес, эдийн засгийн алдартай өдөр тутмын сонин болох "Financial Times"-ийн 2022 оны жагсаалтаар Play Magnus Европын топ-1000 хурдан хөгжиж буй компанийн 27-д, Gaming төрөлдөө # 1 -д бичигджээ.

Play Magnus компанийн цэвэр ашиг 2021 онд 21,5 сая.ам доллар байхад ФИДЕ-ийн орлого 2019 онд 6,9 сая байх жишээтэй.

Магнус Карлсен шатрын дэлхийн аварга цолоос илүүтэй  "Шатрын Эзэнт гүрний Их хаан" болохыг зорьж байгаа бус уу?

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Badarch taxar(66.181.180.45) 2022 оны 08 сарын 22

Надтай нэг үзчихээд буухгүй !

0  |  0
Top