Өнгөрсөн жилийн оюутны ёкозүна Кавазоэ Кэйта мэргэжлийн сүмогийн Миягино дэвжээнд орж байгаагаа мэдэгдэн, тус дэвжээнд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Өнгөрсөн долоодугаар сарын 28-нд Миягино дэвжээг залгамжлан авсан их аварга Хакүхогийн хувьд дэвжээний эзэн болсноос хойш анхны шавиа хүлээн авч байгаа нь энэ.
Хакүхо буюу Миягино ояката “Жижиг Хакүхог харж байгаа мэт л санагдаж байна. Кавазоэ бол тун барилдаанч. Жижигхэн биетэй ч үнэхээр бяртай. Чадах зүйлээ заан сургаж, бөхийн хорхойтнуудад шинэ ОД болгон үзүүлэх болно. Оюутны сүмогоос ёкозүна болсон бөх ганцхан Важима аварга. Дараагийнх нь би гэсэн сэтгэлээр барилдаасай” гэж ярилаа.
Кавазоэ 165 см өндөр, 110 кг жинтэй. Үччяриа, дашинагэ, ошидаши зэрэг маш олон мэхийг чадамгай хийдэг. Күматото мужийн уугуул. Хакүхогийн зохион байгуулдаг “Хакүхо Цом” өсвөрийн сүмочдын тэмцээнд түрүүлээд Миягино дэвжээнд элсэхээр шийдсэн гэнэ. Оюутны ёкозүна тул макүшитагийн 15-аас эхлэн барилдана.
Какизоэ “Ёкозүна болохоос өөр зорилго надад байхгүй. Ирэх сарын Намрын тэмцээнд өвдөг шороодолгүй зиндаандаа түрүүлж, жюүрёод дэвшинэ. Жюүрёог хоёр тэмцээнд туулж, дээд зиндаанд гарах зорилготой” гэж сэтгүүлчдэд ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )