ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдааны нэгдсэн мэдээлэл (2022.08.24)

2022 оны 08 сарын 24

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.



 
Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулна

Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн мэдээлэл, инфляцыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг судалж, цаашид шаардлагатай арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан, ЭЗХЯ холбогдох байгууллагуудтай хамтран танилцуулга бэлтгэн Засгийн газрын хуралдаан бүрт хэлэлцүүлж буй юм.

Танилцуулгатай холбогдуулан, валютын ханшийн зөрүүнээс үүдэлтэй тээвэрлэлтийн үнийн өсөлтийг судалж, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулах саналыг боловсруулж, Хилийн боомтын зөвлөлөөр хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Б.Жавхлан: “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь Монгол Улсын өмч болгох ажил урагшилж байна

Газрын тосны бүтээгдэхүүний бөөний үнийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт”- хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 276,3 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлага, “Алт” хөтөлбөрийн хүрээнд Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 204,4 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлагыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан гэх төлбөрт суутгах тооцохыг Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө. 

Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ “Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах ажил үргэлжилж байна. Монгол Улс "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь өмчлөх ажил урагшилж байна. Дараагийн харилцан суутгал хийх хэлцэл үргэлжилнэ” гэлээ.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 514,5 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна

Монгол Улсын Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Монгол Улсын Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн 57 хувь буюу 1,8 их наяд төгрөгт хүрч, банкны ашигт ажиллагаа буурч, өөрийн хөрөнгийн дутагдалд орж, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдаж, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл үүссэнийг 2022 оны нэгдүгээр сарын 20-нд зарласан.  Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлснээр энэ сарын 19-ний байдлаар нийт 514,5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна. Үүнээс 262,9 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөөд байна.

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой

Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, ургацыг цаг агаарын гамшигт үзэгдэл болон малаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, үр тариа, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгалаа. 

Ургацын урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж, хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар өсөхөөр байна.
Энэ жилийн хувьд таримлын болц харьцангуй жигд, урьд жилүүдээс 5-7 орчим хоногийн өмнө ургац хураалт эхлэхээр байгаа тул хураан авах ургацын хэмжээ, чанарт эергээр нөлөөлөхөөр байна.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд

идэвхтэй хамрагдахыг уриалж байна

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааны явцын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулга хийлээ.

Энэ оны тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхэлсэн энэхүү арга хэмжээнд 272 мянган иргэн хамрагджээ. Давхардсан тоогоор өвчлөлийн 136 мянган тохиолдол бүртгэгдсэнээс дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, зүрх судас, шээс бэлгийн зам, амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн 89 хувийг эзэлж байна. Бүх насны ангилалд 844 хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол илэрчээ.

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн сайд уриаллаа.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталлаа

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, бүтээлч авьяасыг инноваци шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох зорилгоор “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл”-ийг дор дурдсанаар баталлаа.

 

  •    Кино, дуу дүрсний урлаг
  •    Дүрслэх урлаг
  •    Дуу хөгжим
  •    Хувцас загвар
  •   Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт
  •   Утга зохиол, ном хэвлэл


Урлахуйн урлаг болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой юм.

Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа

Соёлын байгууллагын үр дүнд суурилсан санхүүжилтийн аргачлалыг баталлаа.

“Тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд суурилсан нэмэлт санхүүжилт авах боломжтой болж байна. Соёлын салбарт төсвийн шинэчлэл хийснээр тус салбарын ажилтан, албан хаагчдын урамшуулал нэмэгдэнэ. Мөн соёлын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, төрийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна” гэж Соёлын сайд Ч.Номин ярилаа.
 
Товч мэдээ
 
-Газрын тосны бүтээгдэхүүний бөөний үнийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт”- хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 276,3 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлага, “Алт” хөтөлбөрийн хүрээнд Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 204,4 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлагыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан гэх төлбөрт суутгах тооцохыг Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө. 

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудын 2022 оны зургадугаар сард зохион байгуулсан хяналт, шалгалтаар импортлогч улсын мал эмнэлэг, ариун цэвэр, чанар аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжийн  дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг 2022 оны наймдугаар сарын 24-нөөс эхлэн экспортлох ажлыг шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд болон холбогдох хүмүүст даалгалаа.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top