Поп од Бритни Спирс өнгөрсөн хугацаанд туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү амьдралынхаа тухай илэн далангүй ярьжээ.
13 жилийн турш хатуу хяналтад байсан тэрээр энэ хугацаанд хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа юүтүб хуудаснаа ярьсан бөгөөд Опра Уинфри түүнтэй ярилцлага хийхийн тулд их хэмжээний мөнгө санал болгосон тухай мөн ярьсан байна.
40 нас хүрч байгаа Бритни "Энэ бүхнийг ярьлаа гээд надаас юу ч унахгүй. Надад Опра болон бусад хүмүүсээс ярилцлага хийхийн тулд их хэмжээний мөнгө амласан санал ирсэн. Би алийг нь ч хүсэхгүй байна. Миний гэр бүлийнхэн намайг өнгөрсөн хугацаанд жинхэнэ утгаараа алсан. Тэд намайг хаясан. Би шөнө дунд Вегаст олон мянган хүний өмнө үзүүлбэр үзүүлэгч, хуурамчаар инээмсэглэгч, хүндлэл хүлээсэн нэгэн байсан. Би машин шиг л байсан. Хүн биш, машин шиг л ажилладаг байсан. Энэ бол галзуурал" хэмээн аудио бичлэгтээ ярьжээ.
Тэрээр 2019 онд бэлтгэлийнхээ үеэр бүжиглэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсний улмаас сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн тухайгаа ярьжээ. Түүнийг хагас цэрэгжилтийн байдалтай эмнэлэгт хэвтүүлэн бусдын өмнө нүцгэлэхийг шаарджээ. Эсэргүүцэл үзүүлэх юм бол "энд хэн нь дарга болохыг үзүүлнэ" хэмээн сүрдүүлж байсан тухай мөн ярьсан байна.
Түүний аав Жэйми бүхий л зүйлийг удирдан зохицуулдаг байсан нэгэн. "Би буруу зүйл хийвэл аав надад юу хийх бол гэхээс би хамгийн их айдаг байсан" хэмээн ярьсан Бритни ээждээ юу юунаас ч илүү гомдож явдаг тухайгаа ярьжээ. "Миний ээж Лин Спирс миний төлөө юу ч хийгээгүй" хэмээсэн Бритни хуульчидтай холбогдох боломжгүй нөхцөлд байсан тухайгаа "Найз маань надад өмгөөлөгч авахад тусалсан. Хэрвээ би өмгөөлөгчтэй холбогдохыг оролдвол тэд миний утсыг хурааж, нууцаар чагнадаг байсан" хэмээсэн байна.
Бичлэгийнхээ төгсгөлд "Хүмүүс намайг зөвхөн хүн гэдэг талаас нь хараасай гэж хүсэж байгаа учраас хуваалцаж байна. Энэ бүх зүйлсийн дараа хохирогч болсон мэт сэтгэгдэл төрж байна. Бас энэ тухай ярихгүй бол яаж энэ бүхнийг засах билээ" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )