Ерөнхий сайдын парламентын индрээс хэлсэн ОНЦЛОХ ҮГС

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022.08.29/ УИХ-д Засгийн газрын шинэчилсэн бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулахтай холбогдуулан үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс онцолж байна.


-Монгол Улсын Засгийн газрын шинэчилсэн бүрэлдэхүүнийг сонгохдоо, Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж үзэв.

-Шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг сонгохдоо УИХ-д сонгогдсон байдал, мэргэжлийн Байнгын хороог удирдсан байдал, мэргэжлийн болон улс төрийн туршлагыг харгалзах сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо.

-Цар тахал болон олон улсын хямралт нөхцөл байдлын үед “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан стратегийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Улсын Их Хурал, Засгийн газрын уялдаа холбоог сайжруулах үндэслэлээр мэргэжлийн Байнгын хорооны дарга нарыг тухайн салбарын яаманд ажиллуулах ерөнхий зарчмыг баримтлав. 

-Салбар дундын зохицуулалтыг хангах, салангид чиг үүргүүдийг нэгдсэн бодлогоор зохицуулах үүднээс боомтын болон нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал хариуцсан Монгол Улсын сайдыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын түвшинтэй дүйцүүлж томилохоор шийдвэрлэв.

-Мөн олимпизм, спорт, нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх асуудал эрхэлсэн сайд байх нь зүйтэй гэж үзлээ. 

-Сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүхэн үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна.

-Энэ ажлын гүйцэтгэлд тулгуурласан хариуцлагын үнэлгээний тогтолцоо зөвхөн сайд нар төдийгүй, төрийн анхан дунд шат, орон нутагт хамааралтайг хатуу сануулъя. 

-Сайд бол албан тушаал биш, цаг нартай уралдан асуудлыг шийдвэрлэж, гал барилцах улс төрийн манлайлагчид байх учиртай. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (106.154.128.17) 2022 оны 08 сарын 30

ene jil ard tumen ene uvliig yaj davnaa daa ard tumen ajilgui ene zunjin zugaalj naadsan uls odoo uvul hundee ene ard tumnee ajil.lahgui bol covid 2jil art tumen gertee horgodson ajilgui ar ger yaaj ene uvliig davj garna sergel uvdhii

0  |  0
Top