Мэргэжлийн сүмогийн Катаонами дэвжээний маэгашира Тамаваши Намрын тэмцээний бэлтгэлээ базааж байна. Түүний бэлтгэл дээр Никкан спортс сонины сэтгүүлч очиж, сонирхжээ. Катаонами дэвжээ Тамавашигаас гадна макүшита, жонидан, жонокүчи зиндааны тус бүр нэг бөхтэй.
Шико, сүриаши зэрэг үндсэн дасгалаа хийж, хөлсөө гаргаад, дараа нь макүшитагийн бөхтэй зургаан удаа барилдсаны дараа жинхэнэ бэлтгэл нь эхэлжээ. Доод зиндааны хоёр бөхтэй зэрэг барилдаж эхэлсэн нь сэтгүүлчийг ихэд гайхуулсан байна. Ингэхдээ эхлээд хоёр бөхийг яг урдаасаа довтлуулна. Дараа нь нэгийг нь урдаа, нөгөөхийг нь баруун талдаа, хамгийн сүүлд нь нэг бөхийг урдаа, нөгөөхийг араасаа дайруулж, барилдаж байжээ. Ингээд ямар ч завсарлага байхгүйгээр 15 дараалан барилдана.
Өнгөрсөн хавар коронавирусний халдварын улмаас Сүмогийн холбоо бөхчүүдийг өөр дэвжээнд очиж, бэлтгэл хийхийг хориглосон. Цолтой бөхчүүдтэй бэлтгэл хийж чадахгүй бол бэлтгэл ханахгүй. Ингээд хоёр бөхтэй зэрэг барилдаж, бэлтгэл хийдэг болжээ. Тун болгоомжтой байхгүй бол бэртэл авна. Нагоя башёд дэвжээний бөх нь халдвар авсны улмаас тэмцээний голоос гарсан.
2004 онд сүмод орсноосоо хойш нэг ч өдөр тасалдаагүй байсан дараалан барилдсан рекорд амжилт нь зогссон ч Сүмо бөхийн холбооноос ковидийн улмаас барилдаагүй тул рекордыг нь үргэлжлүүлэн тооцно гэж шийдсэн юм. Ирэх Намрын тэмцээний 9 дэх өдөр хүртэл барилдахад дараалан барилдсан рекорд нь 1457-д хүрч, сэкивакэ асан Такаторикиг гүйцэн, түүхэнд гуравт бичигдэх юм.
Сэтгэгдэл ( 0 )