Альберт Батыргазиев: Э.Цэндбаатар сайн залуу ч Токиогийн олимпыг дурсдаггүй

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

Жилийн өмнө болсон Токио олимпын наадмыг эргэн нэг дурсацгаая. Боксын 57 кг-ын жинд манай Э.Цэндбаатар ОХУ-ын Альберт Батыргазиевт харамсалтай ялагдсаныг бүгд санаж байгаа. Одоо Альберт мэргэжлийн боксчин болсон. Мэргэжлийн рингэнд 6 тулалдахдаа, 6 ялсан. Үүнээс таван тулааныг хүнд цохилтоор дуусгажээ. Түүнтэй Матч ТВ телевизийн сэтгүүлч уулзан ярилцсаныг товчлон хүргэж байна.

-Олимпын ялалтаас хойш нэг жил өнгөрлөө. Та өөрчлөгдсөн үү?

-Өмнө нь надад үүрэг хариуцлага оногдлоо гэхэд би бэлтгэлээ сайн хийгээд, ялахад л боллоо гэж боддог байлаа. Тэгвэл одоо бусдад, ялангуяа хүүхэд багачуудад үлгэр дуурайл болох ёстой гэдгээ ойлгосон. Над шиг болохыг хүүхдүүд хүсэж байгаа нь сайхан санагддаг. Хүмүүс намайг таньдаг болсон ч өөрийгөө од гэж нэрлүүлэх дургүй. Олимпын аварга болсон гээд биеэ тоогоогүй гэж бодож байгаа. Хэрэв тоосон бол алдаагаа засна.

-Олимпын аваргуудаа улсаас 4 сая рублиэр шагнасан. Яаж мөнгөө үрэв?

-Үрээгүй байгаа. Төрсөн нутаг Дагестаны Геметюбе тосгондоо спортын танхим барих төлөвлөгөөтэй байгаа. Энд мөнгөө оруулна. Харин өссөн нутаг болох Нижневартовск хотод минь том Спорт цогцолбор баригдаж байгаа. Энд ч бас оролцоно.

- BMW X5 машин бас бэлгэнд авсан. Олимпын аварга гэсэн тэмдэгтэй болохоор хүмүүс таньж байгаа биз дээ?

-Би энэ наалт тэмдгүүдийг тэр дор нь авсан. Тийм болохоор хэр барагтай хүн мэдэхгүй.

-Олимпын алтан медалиа хаана хадгалдаг вэ?

-Аавын гэрт өлгөөтэй байгаа.

-Токио олимпын хамгийн дурсгалтай тулаан юу вэ?

-Кубын Ласаро Альварестай (олимпын 3 хүрэл медальт, дэлхийн хошой аварга) хийсэн хагас шигшээ тоглолт. Бид уг нь финалд таарах ёстой байсан ч сугалаа ингэж шийдсэн юм. Би түүнд хоёр удаа ялагдсан байсан болохоор заавал ялах ёстой байлаа. Бокс сонирхогчдын 90 хувь нь Ласарог ялна гэж байсан байх. Хариугаа авсандаа баяртай байгаа.

-Миний хувьд Монголын Э.Цэндбаатартай хийсэн тулаан хамгийн дурсгалтай нь байлаа. Та хоёр үе ялагдаж байгаад гурав дахь үед хүнд цохилт хийж байж л ялах байсан. Та чадсан шүү.

-Эхний үед би бараг унтсан. Мэдээж эхний үед ялагдсан. Гэхдээ би хоёрдугаар үеэс ажиллаж, илүүрхэж эхэлсэн. Хоёрдугаар үед өөрийгөө ялагдсан гэж би бодохгүй байна. Үнэндээ ялагдах бодол надад огт байгаагүй. Гуравдугаар үед өөртөө итгэлтэй гарч ирсэн. Сүүлийн үед монгол тамирчныг нокдаунд оруулж чадсан. Энэ цохилт тулааны хувь заяаг шийдсэн. Хэрэв дахиад хоёр үе байсан бол би техникийн нокаутаар ч ялах байлаа.

-Э.Цэндбаатар одоо танай багт Эдуард Кравцовын удирдлага дор хичээллэж байгаа.

-Тиймээ, мэргэжлийн боксын анхны тулаанаа хийхээр ирэхдээ тэр манай багт бэлтгэл хийсэн. Тун сайн залуу. Э.Цэндбаатар Токиод болсон тулааны тухай огт ярьдаггүй, дурсдаггүй юм.

-Та одоо сонирхогчдын боксын олимпын аварга уу, мэргэжлийн боксчин уу?

-Мэргэжлийн боксчин. Сонирхогч үеэ би дуусгасан тул одоо мэргэжлийн тамирчин. Олимпод мэргэжлийн боксчин ч оролцох эрхтэй болсон.   

-Парисын олимпод орох төлөвлөгөө байгаа юу?

-Мэдээж, хэн ч олимпын хошой аварга болохыг хүснэ шүү дээ.

-Олимпын хошой аварга, мэргэжлийн боксын том холбооны аваргын бүсийн алийг нь илүүд үзэх вэ?

-Мэргэжлийн боксын аваргын бүсийг сонгоно. Зүйрлэж хэлэхэд би дунд сургуулиа улаан дипломтой төгсөөд одоо л дээд боловсрол эзэмшиж эхэлж байна гэсэн үг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.22.29) 2022 оны 09 сарын 10

Цэндбаатар зүгээр л авьяастай ч хүн болж төлөвшөөгүй залуу. Тиймээс л ялагдсан.

2  |  0
Top