Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид есдүгээр сарын 10-18-нд Сербийн нийслэл Белградад болох насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордов. Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан бөгөөд 7 алт, 21 мөнгө, 41 хүрэл, нийт 69 медалийг эх орондоо авчраад байна.
Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баяраа, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.
Манай тамирчдаас ОУХМ Ө.Батзул таван жил дараалан дэлхийн дэвжээнд зодоглоно. Тэгвэл ОУХМ Э.Даваачимэг дөрөв, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гурав, ОУХМ М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар хоёр дахь удаагаа, үлдсэн 11 тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. Монголын бөхчүүддээ Белградын дэвжээнээс олон медаль хүртэж, гялалзтал барилдахыг хүсэж, захыг нь мушгих үлдлээ.
Монголын чөлөөт бөхийн холбоо
БЕЛГРАДАД ЗОДОГЛОХ МОНГОЛЫН БӨХЧҮҮД:
Эрэгтэй
57 кг: Занданбудын Занабазар (Хилчин)
61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)
65 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
74 кг: Олонбаярын Сүлдхүү (Алдар)
79 кг: Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)
86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)
92 кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)
97 кг: Өлзийсайханы Батзул (Хангарьд)
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)
Эмэгтэй
50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)
53 кг: Батхуягийн Хулан (Аврагч)
55 кг: Ганбаатарын Отгонжаргал (Алдар)
57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)
59 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко)
62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)
72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)
76 кг: Ганбатын Ариунжаргал (Алдар)
Монголын чөлөөт бөхийн холбоо
Сэтгэгдэл ( 1 )
Зүгээр л жуулчид, эдний тэмцээнд оролцдог гэж юу байх вэ дээ, эхний тойргоос хасагдаад л үзэгч, жуулчин\n