Миторюү: Бэлтгэл хамт хийх бөхгүй, ганцаараа л байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Энэ Ням гарагт Японы нийслэл Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн эхэлнэ. Намрын тэмцээний банцүкэд 43 дэвжээний 621 бөхийн нэр бичигджээ. Энэ нь өнгөрсөн тэмцээнээс долоон бөхөөр багасжээ гэсэн үг.

Коконоэ дэвжээ 27, Таманои, Садогатакэ, Такасаго дэвжээ тус бүр 24, Кисэ дэвжээ 23 бөхтэй. Хамгийн бага бөхтэй нь Нишикидо дэвжээ. Энэ дэвжээ ганц бөхтэй нь манай Миторюү хэмээх дээд зиндааны маэгашира. Ояката нь барилдаж байх үедээ давсыг бөөнөөр нь цацдаг байсан сэкивакэ Митоизүми. Байгуулагдаад яг 20 жил болж байгаа тус дэвжээний ояката болон түүний гэргий нарын асуудлаас болж, шинэ бөхчүүд элсэхгүй байгаа билээ.

Японы сэтгүүлчид Намрын тэмцээнд бэлтгэж байгаа шинэ маэгашира Миторюүг сурвалжлахаар бэлтгэл дээр нь очжээ. Хэдий дээд зиндааны бөх ч дэвжээндээ ганцаараа тул туслах бөх үгүй. Юуны өмнө хөл дэвсэх зэрэг ганцаараа хийж болох үндсэн дасгалуудаа хийж дуусгана. Тэгээд Нишикидо оякатагийн удирдлага дор бэлтгэл хийнэ. Багш шавь хоёулхнаа тул зөвлөж ярих цаг их.   

Бэлтгэлийн дараа Миторюү сэтгүүлчдэд “Ганцаараа байх нь уйтгартай байлгүй яах вэ. Бэлтгэл хангах хүнгүй болохоор барилдааны мэдрэмж мууддаг. Барилдааны бэлтгэл, мөргөлдөх дасгал хамт хийчих хүн байхгүй тул санаа зовох зүйл байгаа. Ямар бэлтгэл хийх, хэзээ хийхээ ч өөрөө л шийднэ. Нуруу өвдвөл бэлтгэлээ зогсоож амарна. Өөрийнхөө дураар хийж байгаа нь ганц сайн тал гэх үү дээ. Олон бөхтэй дэвжээнд бэлтгэлээ бүрэн хийж байгаа бөхчүүдийг бэлтгэл дутуу би ялаад байвал сонирхолтой. Намрын тэмцээнд би бэлтгэл хангагч байхгүй, ялагдах нь мэдээж шүү дээ гэсэн бодлоор барилдана. Дээд зиндааны анхны тэмцээндээ 50 хувийн амжилт үзүүлж, хичээж зүтгэвэл ганцаараа байсан ч амжилтад хүрж болно гэдгийг батлан харуулах бодолтой” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Andaa(37.120.208.58) 2022 оны 09 сарын 10

Bi ochix uu

1  |  0
Зочин(64.119.18.9) 2022 оны 09 сарын 09

Манай ундэсний бех, энэ сумо 2 хол явахааргуй болчихжээ, за бусад бех ч ялгаагуй челеет гэж нэг нааш ч угуй, цааш ч угуй болчихсон юм байх, бех гээч юм еренхийдее л моодноос гарчихлаа доо

1  |  2
Зочин шдээ(66.181.191.61) 2022 оны 09 сарын 08

Балай юм

0  |  0
Top