Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин
Америкийн төдийгүй дэлхийн спортын түүхэнд өөрийн нэрээ тодоор бичиж, хоёр арваныг эзэгнэн байсан бүсгүйчүүд их спортоо орхин, зодог тайлсан намар болж байна даа.
Өнгөрсөн долоодугаар сард болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий дараа домогт ойрын зайн гүйгч Аллисон Феликс хадаастай гутлаа хананд өлгөхөөр шийдсэн. Олимпын 7 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальт, Дэлхийн АШТ-ий 14 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальт , ирэх 11 дүгээр сард 37 нас хүрэх гайхамшигт Аллисон Феликсийн хамгийн сүүлчийн медаль нь дэлхийн АШТ-ий алт байсан нь бахархмаар.
Аваргаараа, дийлдэшгүй хэвээрээ зодог тайлах тамирчин бас л цөөн дөө.
Мөн хэдхэн хоногийн өмнө теннисний домог, Олимпын дөрвөн алтан медальт, "Их дуулга" цувралын 23 удаагийн аварга Серена Уильямс 41 насныхаа босгон дээр теннисний цохиураа цүнхэнд нь хийж, хоёр дахь гэр болсон кортоо орхисон билээ.
Тэгвэл өчигдөр болсон эмэгтэйчүүдийн мэргэжлийн сагсан бөмбөгийн ( WNBA буюу Women's National Basketball Association) лигийн 2022 оны плей-оффын Баруун бүсийн аваргын төлөөх цувралын дараагаар "Сиэтл шторм" багийн тоглогч алдарт Сью Бёрд их спортоо орхиж буйгаа зарлалаа.
Ирэх аравдугаар сард 42 нас хүрэх Сью Бёрд Олимпын таван удаагийн аварга (2004,2008,2012,2016,2020), дэлхийн аваргын дөрвөн алт (2002,2010,2014,2018), нэг хүрэл (2006) медальтай, WNBA-ийн дөрвөн удаагийн аварга, "Бүх оддын" тоглолтод 13 удаа оролцсон дэлхийн шилдэг эмэгтэй сагсан бөмбөгчийн нэг юм.
Сью Бёрд өнгөрсөн жил "Токио-2020" зуны олимпын наадамд АНУ-ын баг тамирчдын тугчаар сонгогдож байлаа.
20 жил "Сиэтл шторм" багтаа тасралтгүй хүчин зүтгэж, таван олимп дараалан алтан медаль хүртсэн Сью Бёрд тамирчны гайхамшигт замналаа ийн өндөрлөлөө.
Баярлалаа, Сюзанна Брижит "Сью" Бёрд чамд!
Сэтгэгдэл ( 0 )