Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-ий өмнө Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ээлжит чуулган болж өнгөрлөө. Чуулганд оролцсон 106 орны төлөөлөгчдөд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах видео мэндчилгээ дэвшүүлж, бөхийн ертөнцийг эв нэгдэлтэй байхыг уриаллаа.
ДБНХ-ны тэргүүн Ненад Лалович мөн эв нэгдэлтэй байхыг уриалаад “Одоо дэлхийд болж байгаа улс хоорондын мөргөлдөөн спортод их хохирол учруулж байна. Улс төр бидний хэрэг биш. Бид бөхийн спортын хөгжил, бөхчүүд, хөгжөөн дэмжигчдийнхаа талаар л бодох ёстой. Спорт ард түмнүүдийн хооронд харилцан ойлголцох, дэлхий дахинд энх тайван тогтох гүүр болж ирсэн бөгөөд бөхийн гэр бүл энэ үйл хэрэгт их хувь нэмэр оруулж ирсэн” гэж онцоллоо.
Чуулганаар залуу үеийг бөхөд өргөнөөр оролцуулах, эмэгтэй бөхийг эрчимтэй хөгжүүлэх, бөхийн бусад төрлүүдийг дэмжих, бөхийн спортын нэр хүндийг өсгөх, орчин үеийн цахим мэдээллийн технологи нэвтрүүлэх арга замыг хэлэлцлээ. Мөн чуулганы үеэр ДБНХ-ны удирдах Товчооны сонгууль явагдлаа. 16 нэр дэвшигчээс долоон хүн сонгогдсон бөгөөд дөрөв нь өмнө нь ажиллаж байсан эрхмүүд - Теодорос Хамакос (Грек, 82 санал), Мартин Диттман (Герман, 81), Рудика Якши (Турк, 79), Намик Алиев (Азербайжан, 73) байлаа. Даниель Игали (Нигери, 83), Разван Пиркалабу (Румын, 79), Чжан Йе (Хятад, 62) нар шинээр сонгогджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Челеет бехийн ирээдуй ч бурхэг л байгаа даа, олимпын терлеес хасагдчих гээд л, олимпын терлеес хасагдчихвал тэгээд л дуусаа, ер нь бол хасагдах нь цаг хугацааны л асуудал, орчин уед ийм спортын шаардлага хэрэгцээ байхгуй, сонирхдог амьтан ч угуй болсон
Товчооны сонгууль?