Вандан Даваа, Токио хот
Токиод зохиогддог энэ оны сүүлчийн барилдаан болох Намрын тэмцээн маргааш буюу есдүгээр сарын 11-нд эхлэх юм. Намрын тэмцээн нь ковидын халдвар эрсдэлээс урьдчилан сэргийлж, үзэгчдийн суудлын тоог хязгаарлан зохиогдон ирсэн журмын дагуу явагдана.
Барилдааны өдрүүдэд сүмогийн ордоны дэргэдэх Сүмогийн түүх соёлын музейн үзмэрт 71 дахь ёкозүна М.Ананд Какүрюү оякатагийн сүмод барилдаж ирсэн түүх намтрыг танилцуулсан тусгай үзэсгэлэн гарах юм. Үүнтэй холбогдуулан Сүмогийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлан явууллаа.
Хурлын үеэр М.Ананд Какүрюү ояката “Сүмогийн хаалгыг татан орсноос хойшхи миний амьдрал замналыг үзэгч түмэнд танилцуулах боломж олгосон Сүмогийн холбоо, музейн хамт олонд баярласнаа илэрхийлье. Энэ үзмэрээр дамжуулан нэг ч гэсэн хүн сүмод дуртай сонирхдог болбол би их баярлах болно. Маргааш барилдаан эхлэнэ. Барилдааны өдрүүдэд би музейн танхимд 2 удаа ярилцлага зохион явуулах болно. Миний сэтгэл өндөр байна” гэж ярилаа.
Энэхүү үзмэр 15 хоног үргэлжлэх ба үзэгчдийн хүсэлтийг харгалзан сунган үргэлжүүлэх боломжтой хэмээн музейн эрхлэгч нэмэлт тайлбар хийв.
Сэтгэгдэл ( 0 )