Саори Ёшида, Каори Ичё нар Алдрын танхимд заларлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээний үеэр ДБНХ-ны Алдрын танхимд шинэ гишүүдийг элсүүлэх ёслол болж өнгөрлөө.

“Дасгалжуулагч” ангилалд Оросын мэргэжилтэн Юрий Шахмурадов Алдрын танхимын гишүүн боллоо. Дэлхийн аварга, Европын 3 удаагийн аварга Юрий Аванесович 1972 онд 30 настайдаа шигшээ багийн дасгалжуулагч болж, түүхэнд хамгийн залуу шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар тодорч байлаа. 50 жил шигшээ багт ажиллахдаа тэрээр Оросын баг 16 олимпын алтан медаль авсан юм.

Харин “Домог” ангилалд Японы алдарт Саори Ёшида, Каори Ичё нар Алдрын танхимд заларлаа. Энэ хоёр тамирчин нийлээд олимпын 7 алт, ДАШТ-ий 23 алтан медальтай билээ. Японоос нийт 12 эрхэм энэ танхимд заларсан байдаг.

Сонгомол барилдаанаас олимпын аваргууд болох Перти Уккола (Финланд), Георге Берчану (Румын); Чөлөөт бөхөөс олимпын аварга ах дүү Бен, Жон Петерсон (АНУ); Эмэгтэй чөлөөт бөхөөс олимпын аварга, дэлхийн 8 удаагийн аварга Хитоми Сакамото (Япон); шүүгчдээс 9 олимпын наадамд ажилласан Орест Молина (Куба) нар сонгогдлоо.

Алдрын танхимын шинэ гишүүдэд дурсгалын зүйл гардуулан өгсан бөгөөд Каори Ичё, Саори Ёшида нар Сербид очиж чадаагүй тул Японы багийн төлөөлөгчдөд гардуулан өгсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.167) 2022 оны 09 сарын 17

NBA, NHL-д л алдарын танхим байдаг гэж сонссоноос бөхийн алдарын танхим байдаг гэж ёстой сонсоогүй юм байна, амьхандаа томчуудтай барьцаж байгаа ухаантай юм уу даа

1  |  4
Top