Европын комисс Европын холбооны хэмжээнд авах эрчим хүчний шинэ арга хэмжээний талаарх саналд Оросын байгалийн хийн үнэд хязгаар тогтоох тухай тусгаагүй байна.
Европын комисс байгалийн хийн үнийг буруулах үр дүнтэй аргын талаар ЕХ-ны гишүүн орнуудтай нарийвчлан хэлэлцэж, Европын Холбооны Эрчим хүчний платформын туслалцаатай нийлүүлэгчтэй харьцангуй бага үнээр байгалийн хий худалдан авах гэрээг байгуулах боломжийг бий болгохоор санал болгож байна.
Өнгөрсөн зургаадугаар сарын 26-28-нд болсон “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр талууд Оросын эрчим хүчний эх үүсвэрээс хараат байдлыг бууруулах сонирхлоо нотолж, Оросын газрын тос, байгалийн хийн үнэд хязгаар тогтоох тухай урьдчилсан тохиролцоонд хүрсэн билээ. Есдүгээр сард “Их-7” бүлгийн удирдагчид хар алтны үнийн тааз тогтоох эрмэлзлээ дахин нотолсон. Газрын тосны үнийн хязгаар ирэх арванхоёрдугаар сарын 5, газрын тосны бүтээгдэхүүний үнийн тааз ирэх оны хоёрдугаар сарын 5-аас үйлчилж эхлэх юм.
Үүний хариуд Москва газрын тос, байгалийн хийн үнэд хязгаар тогтоосон улс орнуудад хар алт экспортлохгүй гэж анхааруулсан.
Газрын тосны үнийн дээд хязгаарыг одоогоор тогтоогоогүй байна. Зургаадугаар сарын эхээр одоогийн үнийн тал хувьд барих санал гаргаж байв. Блүмберг агентлагийн мэдээллээр, газрын тосны үнийн дээд хязгаарыг 40-60 ам.долларт барих тухай асуудал яригдаж байна.
Есдүгээр сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эрчим хүчний үнэд хязгаар тогтоох санаачилгын талаар байр сууриа илэрхийлэхдээ ашиг сонирхолд нь үл нийцсэн бол Москва гадаад руу ямар ч бүтээгдэхүүн нийлүүлэхгүй гэж мэдэгдсэн юм.