АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Куба дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазын бүс дэх Гуантанамогийн шоронг хаах асуудлыг идэвхтэй судалж байна гэж “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.
Энэ хүрээнд Төрийн департаментын ажилтан Тина Кайдановыг Гуантанамогийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилж, шоронгийн хоригдлуудын хэргийг эргэн харж, заримыг нь суллах, үлдсэнийг нь гуравдагч орнуудын хорих газруудад шилжүүлэх асуудлыг судлах даалгавар өгчээ. Тус хэвлэлийн мэдээллээр, Гуантанамод одоогоор 36 хүн хоригдож байна. Эл шоронгийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулж АНУ-ын засгийн газар жилд 540 сая ам.доллар төсөвлөдөг байна.
Тус шорон хамгийн сүүлд 2008 онд шинэ хоригдол хүлээн авч байжээ. Хоригдлуудын ихэнх нь шүүхийн шийдвэр хүлээн, 20 гаруй жилийг өнгөрүүлээд байна гэж “The Wall Street Journal” тодруулсан байна.
Гуантанамо дахь шоронг 2002 онд Жорж Бушийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед байгуулжээ. Эл шоронд Афганистан дахь ажиллагаа болон терроризмын эсрэг бусад ажиллагааны үеэр олзолсон хүмүүсийг шилжүүлдэг байна. Саяхныг хүртэл Гуантанамод хэдэн зуун хүнийг хорьж байжээ. Хоригдлууд эрх зүйн вакумд хоригддог. 2009 оны нэгдүгээр сард Жорж Бушийн халааг авсан Барак Обама тусгай шоронг 12 сарын турш хаах зарлиг буулгаж байсан билээ. Гэсэн хэдий ч Гуантанамо дахь шорон өнөөг хүртэл оршсоор байгаа нь хүний эрхийг хамгаалагчдын шүүмжлэлийн бай болсоор байна.