Энэ сарын 10-18-нд Сербийн нийслэлд явагдсан чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын шигшээ баг маш амжилттай оролцлоо. Манай бөхчүүд 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэнээс дөрвийг нь олимпын жинд авсан билээ. Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьят дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баяраа, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлага дор оролцсон юм.
Эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Хулан, эрэгтэй 125 кг-д М.Лхагвагэрэл нар мөнгөн медаль хүртсэн бол тэмцээний сүүлийн хоёр өдөр эрэгтэй 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү нар хүрэл медаль авсан. Өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-д манай баг 6 хүрэл медальтай харьж байсан бол энэ удаад чанараар даван гарсан.
Багийн дүнгээр эрчүүд 68 оноотойгоор 4-р байрт (АНУ 198, Иран 150, Япон 70), эмэгтэйчүүд 72 оноотойгоор мөн 4-р байрт (Япон 190, АНУ 157, БНХАУ 84) орлоо. Ийнхүү манай эрэгтэй, эмэгтэй баг ирэх арван хоёрдугаар сарын 10-11-нд Америкийн Айовад явагдах Дэлхийн Цомын тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Дэлхийн цомд энэ жил шилдэг 5 баг оролцоно. Дээр нь эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдөх юм.
Анхны Дэлхийн Цомын тэмцээн 1956 онд Истанбулд болж байсан бол 1973 оноос жил тутам явагддаг болсон. 1980 оноос сонгомол, 2001 оноос эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулж ирсэн юм.
Манай эрэгтэй баг Дэлхийн цомд 1975 оны Толедод мөнгө, 1981 онд хүрэл, 1987 онд Улаанбаатарт мөнгө, эмэгтэй баг 2013 онд Улаанбаатарт мөнгө, 2015 оны Санкт Петербургийн цомд хүрэл, 2017 онд Оросын Чебоксарт хүрэл, 2018 онд Такасакид хүрэл медаль хүртэж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )