Энэ сарын 10-18-нд Сербийн нийслэлд явагдсан чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын шигшээ баг амжилттай оролцлоо. Манай бөхчүүд 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Хулан, эрэгтэй 125 кг-д М.Лхагвагэрэл нар мөнгөн медаль хүртсэн бол тэмцээний сүүлийн хоёр өдөр эрэгтэй 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү нар хүрэл медаль авсан. Багийн дүнгээр эрчүүд 68 оноотойгоор 4-р байрт (АНУ 198, Иран 150, Япон 70), эмэгтэйчүүд 72 оноотойгоор мөн 4-р байрт (Япон 190, АНУ 157, БНХАУ 84) орлоо. Ийнхүү манай эрэгтэй, эмэгтэй баг ирэх арван хоёрдугаар сарын 10-11-нд Америкийн Айовад явагдах Дэлхийн Цомын тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Дэлхийн цомд энэ жилийн ДАШТ-ий шилдэг 5 баг оролцоно. Дээр нь эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдөх юм. Дэлхийн шигшээгийн бүрэлдэхүүнийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сонгоно.
Эрэгтэй - АНУ, Иран, Япон, Монгол, Гүрж, Дэлхийн шигшээ.
Эмэгтэй - Япон, АНУ, Хятад, Монгол, Украин, Дэлхийн шигшээ.
Дэлхийн Цомын тэмцээний шагналын сан төрөл бүрд 100 мянган швейцар франк. Түрүүлсэн баг сангийн 70 хувь, мөнгөн медальт баг 20%, гуравт орсон нь 10 хувийг авах юм.
Анхны Дэлхийн Цомын тэмцээн 1956 онд Истанбулд болж байсан бол 1973 оноос жил тутам явагддаг болсон. 1980 оноос сонгомол, 2001 оноос эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулж ирсэн юм.
Манай эрэгтэй баг Дэлхийн цомд 1975 оны Толедод мөнгө, 1981 онд хүрэл, 1987 онд Улаанбаатарт мөнгө, эмэгтэй баг 2013 онд Улаанбаатарт мөнгө, 2015 оны Санкт Петербургийн цомд хүрэл, 2017 онд Оросын Чебоксарт хүрэл, 2018 онд Такасакид хүрэл медаль хүртэж байлаа.
Сэтгэгдэл ( 3 )
Манай жуулчин бөхчүүдэд тэр шагналын сан энэ тэр ёстой хүртээлгүй байх аа, санаа байвч сачий нь хүрэхгүй дээ
Undur amjilt gargasan bagsh, tamirchidad bayar hurgie. Zochin ta harin Eh orondoo yu hj buteesen be
ДАШТ-д гавиагуй байж бас дэлхийн црм ярина, мереедехед менге телехгуй ээ гэж энэ уу