Өчигдөр Токиод өндөрлөсөн Намрын тэмцээнд манай маэгашира Тамаваши 13 даваатай түрүүлж, Эзэн хааны цом хүртсэн хамгийн ахмад сүмочийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон.
Тамаваши 37 нас 10 сартай тэргүүлсэн бол өмнөх рекордыг эзэмшигч Кёкүтэнхо Н.Цэвэгням 37 нас 8 сартай түрүүлж байв.
Японы сэтгүүлчид сүмогийн домог Кёкүтэнхотой уулзаж, энэ талаар сонирхсон байна.
Н.Цэвэгням “Мэдээж сүмогийн түүхэнд дээд амжилтаа эвдүүлэхэд хэн ч дургүй байдаг ч олон жил өнгөрсөн болохоор би энэ талаар огт бодоогүй. Харин ч эсрэгээрээ монгол бөхдөө рекордоо дамжуулсандаа их баяртай байгаа. Тамаваши удаан хугацаанд барилдаж байгаа нь арга барилтай нь холбоотой. Тэр түлхэж барилддаг стильтэй тул хав золгоод харилцан шидэлцдэг бөхчүүдийг бодвол гэмтэл авах эрсдэл бага. Дэвжээ нь дөрөвхөн бөхтэй, цолтой бөх түүнээс өөр байхгүй ч ийм сайн барилдаж байгаа нь үндсэн дасгалуудаа маш сайн хийдгийн илрэл болов уу. Ар гэрийнхний дэмжлэг бас их чухал. Монгол бөхчүүдийн хувьд 16-17 настайдаа анх сүмо барилдаж эхэлдэг. Монгол хүйтэн тул өвлийн цагт сагсан бөмбөг зэрэг спорт тоглоом их тоглодог. Спортын олон төрлөөр хичээллэж байгаад Японд ирж сүмо барилддаг тул биеийн хөгжил нь тогтчихсон, бэртэх эрсдэл багатай. Тамаваши хоёр түрүүлээд зогсохгүй мэт надад санагдаж байна. Дахиад ч түрүүлэх байх. Их итгэж, найдаж байна. 40 нас хүртлээ барилдах нөөц түүнд бий” хэмээн сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Дахин түрүүлнээ. Амжилт.
Tamawashi sain sain. Suuliing ued bur ch bulitai bolood bh shig bn lee.
Сайхан ярьжээ
Tamavashi mundag boh .