Федерер тэрбумтан болоод теннисийг орхилоо

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Агуу, дахин давтагдашгүй аварга Рожер Федерер зодог тайллаа. Түүний замнал бол спортын агуу амжилтаас гадна асар их хэмжээний бизнес байсан юм. Рожер зөвхөн тэмцээн уралдаанаас л гэхэд 100 сая ам.доллар олсон. Одоо тэр замналынхаа турш долларын тэрбумтан болсон зургаан тамирчны нэг билээ.

Ингээд түүний бизнесийн түүхийг сөхөн харья.

2018 онд Рожер Федерер Nike-тай олон жил хамтран ажилласны эцэст салсан. Түүнийг хувцаслахаар Uniqlo гэрээ байгуулсан ч япончууд теннисний пүүз хийдэггүй байсан тул Федерер Nike гуталтай үнэгүй тоглосоор байлаа. 2019 оны 11 дүгээр сард тэрээр спорт гутал үйлдвэрлэгч On Running компанитай хамтран ажиллах болсон төдийгүй 54 сая ам.долларын хөрөнгө оруулсан байдаг. Энэ хүрээнд тэр Roger гэсэн өөрийн нэрийн брэнд пүүз гаргасан нь 200 долларын үнэтэй байв. Цар тахал, гэмтлийн улмаас Рожер брэндээ 2021 оны хавар л олон нийтэд танилцуулж, Ролан Гаррос, Уимблдонд өөрөө өмсөж тоглосон билээ. Федерерийн ачаар On Running компанийн орлого 86 хувь нэмэгдэж, 343 сая ам.долларт хүрсэн бөгөөд хувьцаагаа АНУ-д гаргаснаар одоо тус компани 10-11 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Рожер тус компанийн 3 хувийг эзэмшдэг болсон тул анхны оруулсан 54 сая нь одоо 300 сая ам.доллар болоод байгаа юм.

Энэ жил Рожер 90 сая ам.долларын орлого олсон ч тэмцээн уралдаанаас нэг ч ам.доллар аваагүй гэж Forbes мэдээлжээ. Бизнес эрхлэх чадварынхаа ачаар тэр зодог тайлахаасаа өмнө тэрбумтан болсон Тайгер Вудс, Флойд Мэйведер, Леброн Жеймс, Криштиану Роналду, Лионель Месси нартай нэг эгнээнд бичигдсэн.

2005 онд өөрийн гэсэн агентгүй байсан тамирчны тэрбумтан болсон замыг сонирхоцгооё.

• 2002 оны сүүлээр түүний гол ивээн тэтгэгч нь Nike байсан бөгөөд жилд 100 мянган ам.доллар төлдөг байв. Хамтын ажиллагааны таван жилийн гэрээ нь дуусах дөхөж байхад IMG-ийн агент Билл Райан гэрээг сунгах талаар хэлэлцээ хийж байв. Тэрээр “Найкаас жилд 600 мянган ам.доллар санал болгосон. Рожерийн аав надаас гэрээг хурдан байгуулахыг гуйсан. Тэр “Билл, хүүг минь ятгаад гэрээг байгуулаач. Түүнд мөнгө хэрэгтэй” гэж бичиж байлаа” гэж дурссан байдаг. Тэр үед нэг ч Их Дуулга тэмцээнд түрүүлээгүй байсан Рожерт нэг сая л хангалттай гэж Билл өөрөө үзэж байлаа. 2003 оны эхээр Федерер Nike-тай гэрээгээ өөрөө цуцлаад хоёр саяар дахин байгуулсан. Энэ удаад эхнэр Мирка нь түүний агентаар ажилласан юм.

• Рожер Lacoste брэндтэй жилийн 5 сая долларын гэрээ байгуулсан ч үнэндээ спортын амжилтын хувьд 10 саяыг авах эрхтэй байлаа.

• Forbes-ийн мэдээлснээр 2005 онд Федерер 14 сая долларын орлого олсон бол Андре Агасси (28 сая), Мария Шарапова (19 сая) нар түүний өмнө бичигдсэн. Тэр үед Шарапова арилжааны 20 гэрээтэй байсан бол Рожер аравхан гэрээ байгуулсан байв. Яагаад тэр үед ийм идэвхгүй байснаа тэр хүч чадлаа хоёр талбарт үрэхийг хүсээгүй гэж тайлбарлаж байсан юм. Гэхдээ удалгүй тэр авах ёстойгоосоо хамаагүй бага авч байгаагаа ойлгожээ.

• 2005 оны наймдугаар сард АНУ-д тэмцээнд орох үедээ Рожер янз бүрийн агентлагтай хэлэлцээр хийж, гол нь хуучин IMG-тэй харилцаагаа сэргээсэн. IMG-ийн шинэ босс, тэрбумтан Тед Форстманн Рожерийг буцаан авахад өөрийн биеэр хүчин зүтгэсэн юм.

• Удалгүй Рожер алдарт теннисчин эмэгтэй Моника Мелешийн агент Тони Годсиктой хамтран ажиллах боллоо. Одсик ч ажлаа сайн хийсэн. 2008 онд Nike-тай гэрээгээ шинэчлэн жилийн 10 сая доллар болгосон нь тухайн үедээ теннисний ертөнцөд хамгийн том гэрээд тооцогдож байв.

• Годсик, Федерер хоёрын бас нэгэн  том амжилт бол 2007 онд Тайгер Вудс, Тьерри Анри нарын хамт Америкийн Gillette компанийн нүүр царай болсон явдал байлаа.

• Gillette-тэй байгуулсан гэрээ түүний АНУ-гийн зах зээлд нэвтрэх гараа болж өглөө. Зарим брэнд түүнийг Америкт нэр хүндээ дээшлүүлбэл том гэрээ байгуулахад бэлэн гэсэн тул Рожер тэр үеийн хамгийн алдартай америк тамирчны нэг Вудстай нөхөрлөж эхэлсэн юм. Тэдний нөхөрлөл үнэн шударга төдийгүй маш их орлого хэн хэнд нь оруулж байв. Жишээ нь, Вудстэй найзынхаа ачаар тэр Gillette-тэй гэрээ байгуулж чадсан.

• Тайгер Вудс хэрэгт орооцолдсон нь бас Рожерт ашиг оруулсан гэж байгаа. 2009 онд Вудсын маш олон нууц амрагийн хэрэг илрэхэд том брэндүүд гэрбүлийн тогтвортой од хайж эхэлсэн. Рожер үүнд нь маш сайн таарч байлаа. Үүнийгээ ч ашиглаж, АНУ-ын зах зээлд байр сууриа бэхжүүлж чадсан юм.

• 2010 оны дунд үе гэхэд Федерер маш том ивээн тэтгэгчидтэй болж, орлого нь жилийн 43 саяд хүрээд байлаа. Энэ тоо гурван жилийн дараа 71,5 сая ам.доллар болсон байв. Nike-ийг орхиж, Uniqlo-д шилжсэнээр жилийн 30 сая ам.долларын гэрээ байгуулж чадсан байна.

Сүүлийн хоёр жил тэр бараг тоглоогүй. Гэхдээ хөрөнгө нь нэмэгдсээр байгаа. Харин ч эсрэгээрээ Федерер одоо ашиг орлогоороо хамгийн цэцэглэлтийн үед ирээд байна гэж хэлэхэд болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(49.0.130.132) 2022 оны 09 сарын 27

агуу агуу

0  |  0
Top