Умар Кремлёв: Боксын спортыг олимпод үлдээхийн төлөө зүтгэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Армены нийслэл Ереван хотод Олон улсын сонирхогчдын боксын холбооны (IBA) ээлжит бус чуулган болж байна. Чуулганаар холбооны тэргүүний сонгуулийг дахин явуулах эсэх талаар санал хураалаа. Сануулахад, ОХУ-ын иргэн Умар Кремлёв 2022 оны тавдугаар сард IBA-гийн сонгуульд ганцаараа өрсөлдөж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний өрсөлдөгчөөр Голландын ван дер Ферст нэрээ дэвшүүлсэн ч зохион байгуулах комисс хүлээн аваагүй юм. Ван дер Ферст энэ шийдвэрийг эсэргүүцэн, Спортын арбитрын шүүхэд гомдол гаргаж, ялалт байгуулсан. Ингээд дахин сонгууль явуулахыг шүүхээс даалгасан билээ.

Чуулганаар “Дахин сонгууль явуулах хэрэгтэй юу” гэсэн санал асуулга явуулахад 106 төлөөлөгч эсэргүүцэж, 36 хүн дэмжин, 4 төлөөлөгч түдгэлжээ. Ингэснээр Умар Кремлёв IBA холбооны тэргүүн хэвээр үлдлээ. Тэрээр өөрийн зорилгоо “2024, 2028 оны олимпын хөтөлбөрт боксын спортыг багтаахын төлөө бүхнийг хийнэ. Хэн ч биднийг хасаж чадахгүй. Хүүхдүүдээ боксын дугуйланд өгч байгаа хүмүүс ирээдүйд хүү нь олимпод оролцоно гэж итгэж байх ёстой” гэж тодорхойлсон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7(49.0.130.132) 2022 оны 09 сарын 27

ха ха . Авилгаа эхлээд шийдэх хэрэгтэй.

0  |  0
Top