Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл Намрын тэмцээний дараа ээлжит хурлаа хийлээ.
Зөвлөлөөс гэмтлийн улмаас тэмцээний голоос гарсан ёкозүна Тэрүнофүжиг шүүмжилсэнгүй. Харин гэмтлээ хурдан түргэн эдгээж, дохёндоо эргэн ирэхийг хүсэн ерөөлөө. Ирэх тэмцээнд барилдахгүй байсан ч зөвлөлөөс шүүмжлэхгүй гэдгээ хэлэв.
Озэки нарын хувьд асуудал өөр. Сүүлийн хэдэн тэмцээнд байнга ээлж дараалан 50 хувийн амжилт үзүүлж чадахгүй байгаа. Нагоя башё, Намрын тэмцээнд дараалан маэгашира түрүүлж байгаа нь тэдний үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй байгааг яруу тод харуулж байна. Өнгөрсөн тэмцээнд ч озэки Митакэүми 4 давж, 11 унан, цолоо алдлаа. Шёодай мөн 4 даваатай, ирэх тэмцээнд кадобан болно. Такакэйшёо 10 ялсан ч түрүүлэх өрсөлдөөнд орж чадалгүй, 12-ны өдрийн барилдаанд Хокүтофүжид унахдаа тачиай дээр зайлсан.
Зөвлөлийн тэргүүн Комүра Масахико “Гурван озэки өндөр цолтой бөх гэдгээ ухамсарлан барилдах хэрэгтэй байна. Ёкозүнагийн зөвлөлийн шийдэх асуудал биш ч өнөөгийн озэки цол олгох, хураах системийг өөрчилсөн нь дээр биш үү гэж холбооны тэргүүнд дамжуулсан. Манай гишүүдээс 11 ялагдсан Митакэүмиг сэкивакэд буулгах биш комүсүби хүртэл унагаах санал ч гарсан. Одоогийн дүрмээр бол тэр сэкивакэ дээр 10 ялахад буцаад озэки цолоо авна. Дараа нь хоёр башё дараалан 50 хувийн амжилт үзүүлэхгүй байхад л озэки хэвээр байх болно. Ингэж болохгүй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )