Олон улсын сонирхогчдын боксын холбооны (IBA) ээлжит бус чуулганаар холбооны тэргүүний сонгуулийг дахин явуулах шаардлагагүй гэсэн шийдвэр гарсан билээ. Хэргийг сануулахад, Умар Кремлёв 2022 оны тавдугаар сард IBA-гийн сонгуульд ганцаараа өрсөлдөж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний өрсөлдөгчөөр Голландын ван дер Ферст нэрээ дэвшүүлсэн ч зохион байгуулах комисс хүлээн аваагүй юм. Ван дер Ферст энэ шийдвэрийг эсэргүүцэн, Спортын арбитрын шүүхэд гомдол гаргаж, ялалт байгуулсан. Гэвч чуулганаар Умарыг тэргүүн хэвээр үлдээлээ.
ОУОХ-ноос энэ талаар “Бид энэ шийдвэрт их санаа зовж байна. Тус холбоо сонгуулиа дахин явуулахгүй гэснээс гадна Украины боксын холбооны гишүүнчлэлийг цуцалсан шийдвэр гаргалаа. Энэ бүхнийг бид ээлжит чуулганаараа сайтар хянан, хэлэлцэнэ. ОУОХ-ноос 2024 оны Парисын олимпын боксын тэмцээнийг өөрсдөө зохион байгуулахаар болсон. Мөн 2028 оны олимпын хөтөлбөрт боксыг оруулахгүй байх шийдвэр гаргасан байгаа” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )