Японы сүмо бөхийн холбооны банцүкэг хэлэлцэх хорооны хуралдаан өнөөдөр болж, Фүтагояма дэвжээний Роога хэмээх А.Амарсанаа, Сакайгава дэвжээний Цүшиманада хоёрыг ирэх тэмцээнд жюүрёод дэвших болсныг зарлалаа. Роога өнгөрсөн Намрын тэмцээнд макүшитагийн 1-д 4 давсан бол, Цүшиманада макүшитагийн 4 дээр тав ялсан юм.
Роога А.Амарсанаа бол ОХУ-ын уугуул монгол бөх. 23 настай. 184 см өндөр, 146 кг жинтэй. Тэр монгол аав, тува ээжтэй бөгөөд өвөө Валерий Араптан нь Тувагийн хуреш бөхийн аварга хүн юм. Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол түүнийг "Тувагийн анхны мэргэжлийн сүмоч" гэж нэрлэж байсан билээ. А.Амарсанаа 14 нас хүртлээ Тувад амьдарсан. Дараа нь Монголд ирж, “Хакүхо Цом” сонирхогчдын сүмогийн тэмцээнд орж байжээ. Ингээд мэргэжлийн сүмод барилдаж байсан манай бөх Китакасүга М.Цолмонбаярын зуучлалаар Японы Тоттори Жёохокү сургуульд элсэн, Японы ахлах сургуулиудын ёкозүна болж байв.
Хамгийн сүүлд орос сүмоч сэкитори болсон нь 2012 оны Нэгдүгээр сарын тэмцээний Амур байлаа.
Цолтой бөх болсон Роога дэвжээн дээрээ хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Тэрээр “Үнэхээр баяртай байна. Өмнө нь хэд хэдэн удаа боломж гарсан ч ашиглаж чадаагүй байлаа. Тэмцээний өмнө гэмтэлтэй байсан болохоор багштайгаа сайн зөвлөж барилдлаа. Үргэлж дэмжиж тусалж байдаг хүмүүсийнхээ төлөө ч гэсэн заавал энэ башёд амжилттай барилдана гэж хичээсэн. Бэлтгэлээ сайн хийж, өөртөө итгэлтэй болж байлаа. Юуны өмнө 50 хувийн амжилтаа үзүүлж, дээд зиндаанд дэвших зорилготой. Нэг үеийнхэн дотор дээд зиндаанд байрилдаж байгаа Хоошёорюү, Охо нар байна. Өрсөлдөгч гэж боддог зүйл үгүй ч удахгүй гүйцэх бодолтой” гэж баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
Роога озэки асан Миябияма буюу Фүтагояма оякатагийн анхны цолтой шавь нь болж байгаа.
Хэвлэлийн хуралд хамт оролцсон Фүтагомяа ояката “Би ч гэсэн багшийн хувьд сэтгэл амарлаа. Рога ахлах сургуулиудын ёкозүна цолтой манай дэвжээнд ирсэн. Хүн болгон л түүнийг маш хурдан дэвшинэ гэж байсан ч энэ нь эсрэгээрээ дарамт болоод үндсэн барилдаанаа гаргаж чадахгүй үе байлаа. Дөрвөн жил зарцууллаа. Жюүрёод дэвштэлээ удсаных ирэх тэмцээнд тэсэрч, улам дээшлээсэй гэж хүсэж байна” гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 2 )
Рога Амарсанаа гийн аав нь Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Amartuvshin Chinges. Миний төрсөн ах. Хүү нь Монгол улсын иргэн Амартүвшин овогтой Амарсанаа. Чөлөөт, жүдо бөхийн аврага, улсын баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд шөвгийн 4 т орж байсан. Миний дүү Японы сумо бөхийн их аврага болоорой
Одоо энэ сумог үздэг хүн байдаг л юм байх даа, аль эрт моодноос гарсан ш дээ