Тувагийн тэргүүн асан Шолбан А.Амарсанаад баяр хүргэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Японы сүмо бөхийн холбооны банцүкэг хэлэлцэх хорооны хуралдаан өнөөдөр болж, Фүтагояма дэвжээний Роога хэмээх А.Амарсанаа, Сакайгава дэвжээний Цүшиманада хоёрыг ирэх тэмцээнд жюүрёод дэвших болсныг зарлалаа.

Роога А.Амарсанаа бол ОХУ-ын уугуул монгол бөх. 23 настай. 184 см өндөр, 146 кг жинтэй. Тэр монгол аав, тува ээжтэй бөгөөд өвөө Валерий Араптан нь Тувагийн хуреш бөхийн аварга хүн юм. Тухайн үеийн Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол түүнийг "Тувагийн анхны мэргэжлийн сүмоч" гэж нэрлэж байсан билээ. А.Амарсанаа 14 нас хүртлээ Тувад амьдарсан. Дараа нь Монголд ирж, “Хакүхо Цом” сонирхогчдын сүмогийн тэмцээнд орж байжээ. Японы Тоттори Жёохокү сургуульд элсэн, Японы ахлах сургуулиудын ёкозүна болж байв. Багш нь “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгс юм.

Тувагийн тэргүүн асан Шолбан Кара-оол Роогаг жюүрёод дэвшсэн мэдээг тун баяртайгаар хүлээн авлаа. Тэрээр олон нийтийн сүлжээндээ “Өнөөдөр манай нутгийн хүү Амыр-Санаа мэргэжлийн сүмо бөхийн цолтой бөх боллоо. Бид түүнд итгэж байсан. Ялагч байх нь бидний зан чанар юм” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top