Сагсан бөмбөгийн  эмэгтэйчүүдийн ДАШТ-ий шилдэг найман баг тодорлоо

Админ | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

Ц.Энхтүвшин, "Таван цагариг"

Есдүгээр сарын 22-нд Австралийн Сидней хотноо эхэлсэн эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд тоглох шилдэг найман багийн нэр тодорлоо.

ДАШТ-д 12 баг хоёр хэсэгт хуваагдан тоглосон.

"А" хэсэгт АНУ-ын шигшээ нэг ч хожигдолгүй, хэсэгтээ илт давамгай тэргүүлэв. Америк бүсгүйчүүдтэй хамгийн ойрхон үзсэн баг нь БНХАУ.  Хятадын баг тэдэнд 77:63 буюу 14 оноогоор хожигдсон. За бусдыг нь бол Америкийн баг бүүр хол, нугалаад хожиж, " эвхээд" тавьж байна даа.

"А" хэсгээс Хятад( 4 хожил, нэг хожигдол), Бельги(3-2), Пуэрто-Рико (2-3) багууд шалгарч, БНСУ, Босни ба Херцеговина  хасагдлаа.

"В" хэсгийг талбайн эзэн Австралийн шигшээ тэргүүллээ. Тэд эхний тоглолтод Францын багт хожигдсон ч үлдсэн дөрвөн тоглолтоо ялалтаар өндөрлүүлсэн юм.

Хоёроор мөн нэг хожигдолтой Канадын баг (4-1), гурваар Серби (3-2), дөрвөөр Франц (3-2) хасагдах шатанд үлдэж, Япон, Мали багууд тэмцээнээ дуусгасан.

Шөвгийн найман багийн тоглолт есдүгээр сарын 29-нд болох бөгөөд Австрали-Бельги, БНХАУ-Франц, Пуэрто Рико -Канад, АНУ-Сербийн шигшээ багууд учраа таарсан.

Финалд АНУ-тай ямар баг үлдэх бол гэж л сэтгүүлчид бичиж буй бөгөөд Австрали хамгийн магадлал өндөр байгаа гэнэ. Мөн Франц-БНХАУ-ын багуудын аль хожсон нь медалийн төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэсэн таамаглал их байна.

Эмэгтэйчүүдийн ДАШТ дөрвөн жил тутам зохиогддог бөгөөд 1953 оноос түүх нь эхэлдэг.

Дэлхийн аварга цолыг энэ хугацаанд ердөө дөрөвхөн баг хүртсэн байдаг бөгөөд АНУ 10 удаа, хуучнаар ЗХУ 6 удаа, мөн Бразил ( 1994 он), Австрали ( 2006) онд нэг нэг удаа түрүүлжээ.

"Австрали- 2022" оны ДАШТ-ий хагас шигшээ тоглолт есдүгээр сарын 30-нд, хүрэл медалийн болон финал аравдугаар сарын нэгэнд болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top