Чөлөөт бөх: Парисын олимпын эрх олгох журам

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2024 оны Парисын олимпын наадамд оролцох эрхийг хэрхэн олгох журмаа танилцууллаа.

Өнгөрсөн Токио-2020 олимпын наадмын сонгон шалгаруулалттай ижилхэн сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн гурван төрөлд нийт 18 жинд барилдана. Жин тус бүрд 16 бөх өрсөлдөнө.

Парис олимпын наадамд эрх авах гурван тэмцээн байгаа. 2023 оны есдүгээр сарын 16-наас 2024 оны тавдугаар сарын 12 хүртэл найман сарын турш сонгон шалгаруулалт үргэлжилнэ.

Хамгийн эхний тэмцээн ирэх жилийн есдүгээр сард болох ДАШТ. Токио олимпын сонгон шалгаруулалтаас ялгаатай нь дэлхийн аваргын тэмцээнээс жин тус бүрд зургаа биш таван бөх олимпын эрхээ авна. Медаль авсан тамирчдаас гадна хүрлийн төлөө барилдаад ялагдсан хоёр бөх сүүлийн эрхийн төлөө халз барилдах юм.

2024 онд тив бүрийн сонгон шалгаруулах тэмцээний финалд шалгарсан бөхчүүд олимпын эрх авна. Тавдугаар сард сүүлийн эрхийн тэмцээн болох дэлхийн сонгон шалгаруулалтын тэмцээнтэй. Эндээс жин тус бүрд гурван бөх эрх авна.

Ингээд Парис олимпод оролцох 288 бөхийн нэр тодрох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top