"Бүжигчин" начин Ө.Батзулыг хоёр өрөө байраар шагнажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, өнөө жилийн ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд тав давж, Улсын начин цол хүртсэн Өлзийсайханы Батзулын цолны мялаалга наадам өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Олон нийтийн дунд "бүжигчин" хэмээн цоллуулах болсон Ө.Батзулын хувьд чамгүй сайн бүжигчин гэдгээ сошиал сүлжээнд төдийгүй төв цэнгэлдэхийн дэвжээнээ ч зарлаад авсан нэгэн. Орхон аймгийн "Энэрэл" асрамжийн төвд өсч, хүмүүжсэн тэрбээр цол авсан даруйдаа тус төвд очиж, бяцхан багачуудтай баяраа хуваалцаж байсан нь олны хайр, энэрлийг татаж байсан билээ.

Өнөөдөр мялаалга наадмаа зохион байгуулж буй түүний баярт Орхон аймгийн удирдлагууд төдийгүй, тус аймгаас УИХ-д нэр дэвшсэн эрхмүүд оролцож байна.

Ө.Батзулын начин цолыг мялааж Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс нь Улаанбаатар хотод байрлалтай хоёр өрөө орон сууцаар шагнасан бол аймгийн Бөхийн холбооноос нийт бөхчүүдийн сэтгэлийн мялаалга болох "приус 30" маркийн авто машиныг гардуулжээ. Түүнчлэн түүний анхны багш Б.Идэрсайханд хүндэтгэл үзүүлж, 1 сая төгрөгөөр урамшуулсан байна.

Дашрамд өгүүлэхэд, Ө.Батзулын хувьд үндэсний бөхийн спортоос гадна чөлөөт бөхийн 97 кг-ын жинд хүч үздэг бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хос мөнгөн медалийг хүртэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top