Соококүрай Энхтүвшингийн зодог тайлах ёслол боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

Хятад, Өвөрмонголын анхны цолтой сүмоч Соококүрай Энхтүвшиний зодог тайлах ёслол өчигдөр (2022.10.02) "Кокүгикан" ордонд боллоо.

Тэрээр 2020 онд зодог тайлж, "Арашио" дэвжээг өвлөн авсан ч цар тахлын улмаас ёслолоо хийж амжаагүй байсан юм.
 


Түүний ёслолд ёкозүна Хакүхо, Какүрюү болон Өвөр Монголын анд нөхөд, сүмо холбооны ажилтан гэсэн нийт 250 хүн оролцлоо.

Цолтой бөхийн ооичёо үсээ авхуулсныхаа дараа Энхтүвшин “Алс хол Өвөр монголд надтай уулзаж, сүмо бөхийн дэвжээндээ урьсан Арашио ояката багшдаа их баярлаж байна. Миний хувь заяаг өөрчилсөн. Цаашдаа цолтой сайн шавь бэлтгэнэ. Барилдахдаа сайн төдийгүй хүн бүхний хүндлэлийг хүлээсэн хүн чанартай шавь гаргахыг хичээнэ” гэж ярилаа.
 


Өвөр Монголын анхны сүмоч Энхтүвшин 2003 оны Намрын тэмцээнээс сүмод зодоглож эхэлсэн түүхтэй. Сүмо өмнө нь барилдаж байгаагүй ч монгол хүний хүч чадал,  хурдан шалмаг хөдөлгөөн, тэсвэр хатуужлынхаа ачаар 2010 онд дээд зиндаанд дэвшиж байлаа. Гэвч 2011 оны дөрөвдүгээр сард мэргэжлийн сүмо бөхөд найрааны хэрэг гарлаа. Сүмогийн холбооноос Соококүрайд найраанд оролцсон гэсэн ял тулгаж, зодог тайл гэсэн тушаал иржээ. Зодог тайлахгүй бол хөөнө, хөөгдвөл зодог тайлахдаа авдаг тэтгэлгийн мөнгө авахгүй гэсэн үг. Найраанд холбогдсон бөхчүүд гэм буруугүй байсан ч тэтгэлгийн мөнгөө авах гээд зодог тайлж байлаа. Харин монгол залуу Энхтүвшин тэгэхийг хүссэнгүй. Нэр төрөө заавал цэвэрлэнэ. Ингээд хоёр жил тэр шүүхээр Сүмогийн холбоотой заргалдсан билээ. Бүтэн хоёр жил цалингүй, хүнд хэцүү нөхцөлд харь оронд тэмцсэний эцэст 2013 онд ялалт байгуулж, дахин барилдах эрхтэй болсон юм. Хоёр жил барилдаагүй байсан ч Сококүрай дээд түвшинд гялалзтал барилдсаар зодог тайлж, Өвөр Монголын анхны дэвжээ эзэмшсэн ояката болоод байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top