Фото: МССХ-ны сурвалжилгын баг
Өнөөдөр Узбекистанд жүдо бөхийн ДАШТ эхэллээ. Тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингээр эхэлсэн бөгөөд эрэгтэй 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, эмэгтэй 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар зодоглож байна.
Манай Э.Ариунболд Чехийн Давид Пулкрабектай эхний тойрогт барилдаж, ИППОН ялалт байгууллаа.
Дараа нь 2021 оны Мастерс тэмцээний хүрэл, Их Дуулга тэмцээний гурван хүрэл медальтай, Гран При тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Голландын Торнике Чкадуатай барилдлаа. Голландын гүрж жүдоч дүрэм зөрсөн тул манай бөх шөвгийн наймд шалгарлаа.
Өрсөлдөгч нь Италийн Ангело Пантано. Хэн хэнтэйгээ таарч байгаагүй ажээ. Өнөөдөр барилдсан дөрвөн бөхөөс ганцаараа үлдсэн нь Э.Ариунболд.
Барилдаан эхлээд л нэг минутад манай бөх хоёр торгуулчихсан байлаа. Үндсэн цаг дуусахад нэг нэг вазаритай оноо тэнцсэн. Хугацаа сунгахад хоёр торгуультай манай бөх тун хэцүү байдалд ороод байв. Итали залуу хэсэг идэвх гаргахад л нэг торгуулиар манай бөх ялагдахад ойрхон. Энэ үед л манай бөхийн тэсрэлт, мэдрэмж хэрэг болсон. Эхлээд өмсөхөд нь хариу унаад шидсэн ч оноо өгсөнгүй. Шүүгч барилдааныг дахин эхлүүлэхэд итали бөх дайран ороход Э.Ариунболд давуулж үүрээд вазари авч тун чухал ялалт байгууллаа.
Тэрээр Узбекистаны Баратовтой барилдана. Ялахад дэлхийн анхны медалиа хүртэх юм.
Сэтгэгдэл ( 0 )