Вандан Даваа, Токио хот
Өнгөрсөн есдүгээр сарын 25-нд Токиод өндөрлөсөн мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээнд Монголын бөх Тамаваши Ж.Мөнх-Оргил түрүүлсэн билээ. Энэ нь түүний хоёр дахь Эзэн хааны цом байлаа. Намрын тэмцээний дараа түүнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
-Та 37 нас 10 сартайдаа түрүүлж, 1926 оноос хойш башёд тэргүүлсэн хамгийн ахмад сүмочоор тодорч, түүхэнд нэрээ үлдээлээ. Энэ удаагийн түрүү өмнөх түрүүнээс юугаараа онцлог байв?
-Нэлээд олон зүйлээр ялгаатай. 2019 оны Нэгдүгээр сарын тэмцээнд би 13 даваатай анх түрүүлэхдээ баруун жигүүрийн сэкивакэ цолтой байсан. Түүнээс хойш гурван жил өнгөрсөн байна. Жирийн хүнд хоёр, гурван жил, насны ялгаа мэдрэгдэхгүй байж болох ч тамирчин, ялангуяа бөх хүнд маш их ялгаатай байдаг. Энэ удаа би маэгаширагийн зүүн жигүүрийн гурваас барилдаж, 37 насандаа түрүүллээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үзэгчдийн тоо цөөрч, бэлтгэл сургуулийн орчин, хүмүүсийн өдөр тутмын амьдрал, харилцаа өмнөхөөс огт өөр болсныг бүгд л мэдэрч байгаа. Хэтрүүлж хэлбэл энэхүү өөрчлөлт, шилжилтийн үед түрүү авсан маань онцлог болов уу. Мөн энэ жил Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа. Энэ тэмдэглэлт ойн жил түрүүлж байгаа минь бас нэгэн содон, сонин тохиолдол боллоо гэж бодож байна.
-Ер нь Намрын тэмцээн өөрт чинь их ээлтэй байдаг мэт санагддаг.
-Надад бүх башё адилхан санагддаг. Гэхдээ есдүгээр сарын тэмцээнд би макүшита, жюүрео зиндаанд бас түрүүлж байсан. Энэ утгаараа бэлгэшээвэл ер нь Токиод явагддаг башёд одтой гэж хэлж болох юм.
-Сүүлийн үед таныг Японы сүмо сонирхогчид, хэвлэл мэдээлэл “Төмөр хүн” хэмээн нэрлэж, бичиж байгааг сонссон биз дээ?
-Тиймээ, мэднэ. Би 2004 оны Нэгдүгээр сарын тэмцээнд анх барилдаж эхэлснээсээ хойш өнөөг хүртэл, үндсэн тэмцээн, тойргийн барилдаан өнжиж байгаагүй, тасралтгүй барилдаж байгаа болохоор “Төмөр хүн Тамаваши” гэж нэрлэгдээд байгаа. Тасралтгүй барилдсан дүнгээрээ би сүмогийн түүхэнд гуравт жагсаж байна. Эрүүл саруул биетэй төрүүлж, бойжуулсан аав, ээжийн минь ач.
-Та энэ жил ёкозүна Тэрүнофүжиг дөрвөн удаа өвдөг шороодууллаа. Кинбоши буюу аваргыг даваад авдаг Алтан одыг хүртсэн хамгийн ахмад сүмочоор мөн тодорлоо.
-Намайг хөгшин гэж хэлэх гээд л тойруулаад байна уу даа. Би дээд зиндаандаа ахмад нь үнэн ч доод зиндаануудад саяхныг хүртэл 50 настай бөх ч барилдаж байсан. Алтан од шагналын хувьд аз таарсан байх аа. Би нэг их гүнзгий бодоогүй, бусад бөхчүүдийн адил л давахын төлөө барилдсан.
-Хэр шүтлэгтэй вэ?
-Нэг их сүртэй сүсэглээд байдаггүй. Харин өнгөрсөн тэмцээний барилдааны өмнө болсон нэг сонин зүйлийг ярья. Манай Катаонами дэвжээнээс сүмогийн 51 дэх ёкозүна Таманоүми төрсөн түүхтэй. Дээд зиндаанд 6 удаа түрүүлсэн энэ аварга 1944 онд төрж, 1971 онд бурхан болсон юм билээ. Би нэлээд эртнээс энэ аваргын эдэлж, хэрэглэж байсан эд зүйлсийг сонирхон хайж байлаа. Өнгөрсөн жил цахим дуудлага худалдааны сайтад “Кимоно юката хийх даавуу, Таманоүми ёкозүна” гээд хайтал 50 жилийн өмнөх даавуу нэг толгой гараад ирлээ. Нэг толгой нь юката хийхэд хүрэхгүй л дээ. Ингээд таньдаг мэддэг хүмүүсээсээ сураглаж байгаад нэг юката хийх даавуу олж чадсан юм. Намрын тэмцээний өмнө түүгээрээ юката хийж өмстөл нэг л тийм сонин сайхан эрч хүч мэдрэгдээд байсан. Урамтай, хийморьтой сайхан барилдаж түрүүлчхээд Таманоүми аваргыг нутаглуулсан газарт юкатагаа өмсөн очиж, талархсанаа илэрхийлэн, хүндэтгэл үзүүлсэн. Өнгөрсөн тэмцээнд Эзэн хааны Цомоос гадна Сүмогийн холбооны тусгай шагналыг авч, давхар баяр боллоо. Ийм хүнийг шүтлэгтэй гэх үү, шүтлэггүй гэх үү.
-Хоол хийх хоббитой гэж сонссон. Өөр ямар хоббитой вэ?
-Хоол гэхээсээ илүү нарийн боов, бялуу хийх дуртай. Гэртээ байнга хийдэг. Бас SONY Play ststion их тоглодог.
-Таны барилдааны онцлог?
-Би олон мэх угсруулан хийж, уран барилддаг хүн биш. Хүчтэй мөргөөд, түлхэж, түрдэг барилдаантай.
-Цаашдын зорилгоосоо хуваалцана уу?
-Нас залуу байна. Тэмцээн болгоны тухайн өдрийнхөө барилдаанд бүхнээ зориулж барилдана даа.
Сэтгэгдэл ( 8 )
Amjilt amjilt amjilt
амжилт ерөөе харих болоогүй байна лээ 40 хүртлээ дахиад түрүүлэх боломжтой харагдсан шүү\n
Залуу хүүхэд цаашаа сайн барилдаарай
Tiimee. 37 zaluu id nas shuu. Zodog bitgii tailaarai. Amjilt duu mini. Chi ozeki bolj chadnaa.
Super
Сайхан ярилцлага болжээ?Даруухан мундаг байна?Өшөө рекордуудыг эвдэх магадлал байгаа шүү?Биеэ бодоорой?Гэмтэл бол сумогийн дайсан гэж сонссон шүү?Амжилт хүсье?
Bayarlalaa. Saihan yariltslaga unshlaa. Uneheer l tumer hun shuu. Gaihaltai
тамаваши-д ёкозуно цол өгөхүү эсхүл озеки өгөөд дуусаа юу