Жүдо ДАШТ: Г.Алтанбагана Гүржийн Лука Майсурадзетэй барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

МССХ: Гэрэл зурагчин Д.Чадраабал, Ч.Ганбат, Д.Нямбилэг

Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг-ын тамирчид өрсөлдөж, аваргаа тодруулна.

Эрэгтэй 90 кг-д Г.Алтанбагана эхний тойрогт Египетийн Али Хаземтай таарчээ. Хазем бол 28 настай, энэ жилийн Африкийн АШТ-ий хүрэл медальт. 2019 оны Африкийн наадмын аварга. Хоёр бөх 2019 оны Парисын Их Дуулгад 1/16-д таарч, Г.Алтанбагана ялж байлаа.

Хоёр бөх нэлээд зууралдсан барилдааны эцэст нэмэлт цагт орсон. Али хоёр торгуультай байлаа. Нэмэлт цагт ч египет бөх олигтой ажиллахгүй байсаар дахин торгуулж, манай бөх торгуулиар дараагийн шатанд шалгарлаа.

Г.Алтанбагана дараагийн тойрогт Киргизийн Анарбек Ишенбаевтай барилдлаа. Анарбек бол 2021 оны Азийн залуучуудын аварга, 20 настай залуу бөх. Манай бөх зүүн тохож унагаан, вазари авснаар киргиз залууг яллаа. Харин дараагийн тойрогт тун хатуу өрсөлдөгч түүнийг хүлээж байгаа. Энэ жилийн Европын аварга, ДАШТ-ий хүрэл медальт, Гүржийн Лука Майсурадзетэй барилдана. Хэн ялсан нь хэсгийн аваргын төлөө гарч, медалийн төлөө өрсөлдөх боломжтой болох тул тун хариуцлагатай барилдаан болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top