Михаил Мамиашвили: Жамболат Тедеевийг өөрөөр ашиглаж болно

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

ОХУ-ын Спорт бөхийн холбоо, шигшээ багийн удирдлагын дунд санал зөрөлдөөн үүссэн талаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеев сэтгүүлчдэд дэлгэсэн.

Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Матч ТВ” телевизэд ярилцлага өгч, энэ талаар тодруулга хийсэн байна.

Мамиашвили “Тедеев ямар санал зөрөлдөөний талаар ярьсныг мэдэх юм алга. Жамболат Ильич бол манай холбооны салшгүй нэгэн хэсэг. Холбооны дэд ерөнхийлөгч хүн шүү дээ. Гол асуудал нь түүнд шигшээ багийн бүх асуудалд бүрэн оролцоход хүнд байгаа. Гадаад, дотоодод маш их ажиллах, явах шаардлагатай байдаг. Ийм дэглэмээр байнга ажиллахад тун хэцүү. Гэхдээ Тедеев туршлагатай хүн. Түүнээс салах талаар ямар нэг яриа холбоонд гараагүй. Би ажилдаа өөрийгөө бүрэн дүүрэн дайчлахад асуудал байгаа гэж л хэлсэн. Тийм болохоор Тедеевийн авьяас чадвар, боломжийг өөр маягаар ашиглаж болно шүү дээ. Заавал ахлах дасгалжуулагч байх албагүй. Ахлах дасгалжуулагчийн асуудлыг бид одоо яаралтай шийдэх гэсэн зүйл алга. Ямар ч байсан Холбооноос шигшээ багт ашигтайгаар шийдвэр гаргана. Ямар ч холбоогүй хүмүүсийг хамарсан асуудал болгож дэвэргэх хэрэггүй. Холбоо, шигшээ багийн ашиг сонирхолд 100 хувь нийцсэн шийдвэр гаргах ёстой” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top