Ц.Цогтбаатар: Олимпын ХҮРЭЛ медалиа дэлхийн АЛТААР бататгах гэж ирсэн

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

Узбекистаны нийслэл Ташкент хотод болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэй 73 кг-д түрүүлж, Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн манай Ц.Цогтбаатараас Олон улсын жүдо бөхийн холбооны сэтгүүлч ярилцлага авчээ.


-Дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач.

-Анх удаагаа дэлхийн аварга боллоо, маш их баяртай байна. Өнгөрсөн жил би Токиогийн олимпоос хүрэл медаль авсан. Энэ жил олимпын медалиа дэлхийн медалиар бататгах зорилготой байсан. Гэхдээ алтан медалиар бататгана гэдэгтээ дүүрэн итгэлтэй байсан. Зорилгоо биелүүлж чадсандаа туйлын их баяртай байна.
 


-Монголд жүдо бөхийн Дэлхийн аварга төрөөгүй найман жил болсон байсан?

-Найман жилийн өмнө 60 кг-ын жинд Г.Болдбаатар ах маань дэлхийд түрүүлж байсан. Тэр үед би 60 кг-д барилддаг хүүхэд байлаа. Миний зорилго бол олимп, дэлхийн аварга болох. Энэ зорилгодоо хүрэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж байгаа. Энэ бүхний ачаар Дэлхийн аварга болж чадсандаа баяртай байна.
 


-Та жингийнхээ хамгийн шилдэг жүдочдын нэг. Токиод түрүүлж чадалгүй хүрэл медаль авсан бол одоо алтан медаль авлаа. Өнөөдөр яг юу нь өөр байв?

-Энэ өдөр юу нь өөр байсан бэ гэхээр өнөөдөр би аварга болохоор босож ирсэн. Аварга болж чадлаа. Ийм өдөр байсан болохоор аварга болж чадсан гэж бодож байна.

-Хашимото Соичи бол дэлхийн аварга, алдартай бөх. Финалд барилдах гээд зэрэгцээд зогсож байхад юу бодогдож байв?

-Энэ том аваргатай өрсөлдөх хэмжээний бөх болжээ гэж өөрийгөө бодсоноороо надад их сайхан байсан. Дэлхийн аваргыг ялж, дэлхийд түрүүлэхийн төлөө хичээсэн.
 


-Монгол Улс энэ жил Их Дуулга тэмцээн зохион байгуулсан. Одоо ингээд дэлхийн аваргатай боллоо. Монголын хувьд жүдо бөх гэж юу вэ?

-Монголд жүдо маш сайн хөгжиж байгаа. Монголын бүх жүдочдын хүсэл мөрөөдөл олимп, дэлхийн аварга болох байдаг. Жүдо бол Монголын ТОП спорт. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга жүдо бөхийн төлөө маш их зүйл хийсний ачаар өнөөдөр бид энд хүрч ирээд байна.
 


-Энэ жилийн Дэлхийн Жүдо бөхийн өдрийн уриа нь “Оролцоо” байгаа.

-Миний хувьд жүдод хийх оролцоо маань зөв шударга барилдах, өрсөлдөгчөө хүндлэх, амжилт гаргах. Энэ бол миний оролцоо гэж би бодож байна. Өрсөлдөгчөө хүндэлж, басахгүй зөв жүдо хийх нь мөн оролцоо юм.
 


-Дэлхийн аварга цолоо яаж тэмдэглэх гэж байна?

-Хамгийн түрүүнд ээжтэйгээ болон эхнэр, хүүтэйгээ утсаар ярьж, хэлнэ. Гэр бүлийнхэнтэйгээ хамгийн түрүүнд ярьж, баяраа хуваалцана. Яг одоо бол би шигшээ багийнхан дээрээ хурдан очмоор байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бадарч тахар(192.82.86.141) 2022 оны 10 сарын 12

Авахаасаа өмнө ингэж ярь ! Тэнэг минь !

0  |  0
Top