МҮОХ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Х.Бат-Ирээдүй нар гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчид тус эмнэлгээс өндөр зэрэглэлийн иж бүрэн үйлчилгээг үнэ төлбөргүй, түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.
Тамирчид урьдчилсан оношилгоонд хамрагдаж, шаардлагатай мэс засал хийлгэж, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдахаас гадна хоолзүй, спортын сэтгэлзүйн зөвлөгөө өгөх цогц үйлчилгээ үзүүлнэ гэдгийг эмнэлгийн захирал Х.Бат-Ирээдүй хэлэв.
Х.Бат-Ирээдүй захирал энэ талаар “Манай эмнэлэг 2024 он хүртэл гэмтлийн дараах сэргээн засал, тэр дундаа спортын гэмтлийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байгаа. Үүний хүрээнд спортын гэмтэл болоод сэргээн засах тусламж үйлчилгээний аппарат, тоног төхөрөмжүүдээ шинэчлэн сайжруулах ажлуудыг үе шаттай хийж байна.
Тухайлбал, гэмтлийн үений хагалгаа хийгддэг 4К дуранг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Ингэснээр дэлхийн хэмжээний шилдэг тамирчдын авч буй эмчилгээ, үйлчилгээг манай тамирчид авах боломж бүрдсэн.
Мөн shockwave буюу өндөр давтамжтай долгионоор сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Үүнээс гадна ясны нягт тодорхойлох чиглэлээр хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмж ашиглаж байна.
Бидний хувьд улсынхаа нэрийг олимпын дэвжээнд гаргах өндөр зэрэглэлийн тамирчдаа дэмжих чиглэлээр МҮОХ-той хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байна. Энэ нь эмнэлгийн нийт ажилчин, албан хаагчдын хувьд нэр төрийн хэрэг байх болно” гэв.
Хамтын ажиллагааны гэрээ “Парис-2024” олимпын мөчлөг дуустал үргэлжлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )