Ц.Энхтүвшин, "Таван цагариг"
Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд манай Энхтайваны ЭНХТАМИР огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртэн, гараагаа сайхан эхэлснийг бид өмнө нь мэдээлсэн.
Өчигдөр буюу аравдугаар сарын 12-нд эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт Ганзоригийн Ануужин дэвжээнд гарлаа.
Эхлээд огцом өргөлтөөр 99 кг (95 кг, 99 кг, -102кг) өргөн хүрэл медалийн болзол хангасан.
Дараа нь түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ийг өргөн (116 кг, -121 кг, -121 кг) тавдугаар байрт орсон.
Ингээд нийлбэр дүнгээр 215 кг-ын амжилтаар " том" хүрэл медаль мөн зүүлээ.
"Манама-2022" Азийн аваргад Гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярын удирдлага дор манай дөрвөн эмэгтэй туйванч хүчээ сорьж буй бөгөөд дэвжээнд гарсан хоёр маань хоёулаа медаль хүртээд байна.
Маргааш буюу аравдугаар сарын 13-нд эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Д.Дархижав, аравдугаар сарын 14-нд -87 кг-ийн жинд Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Анхцэцэг дэвжээнд гарах юм.
Гэрэл зургийг М.Анхцэцэг (Munkhjantsan Ankhtsetseg)
Сэтгэгдэл ( 1 )
Гайхамшигт охиндоо баяр хүргэе.