Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна, их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал энэ өдрүүдэд эх орондоо харьж ирээд байгаа билээ.
Цар тахлын улмаас дөрвөн жил нутагтаа хариагүй байсан их аварга тун завгүй байна. Энэ дөрвөн жилийн дотор их аварга зодог тайлж, Миягино дэвжээ эзэмшсэн ояката болоод байгаа.
Өчигдөр Хакүхо Ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай уулзсан бол өнөөдөр МҮОХ-нд зочиллоо.
Түүний Монголын спортын салбарт байгуулсан гавьяаг үнэлж, МҮОХ-ны дээд шагнал "Олимпын Алтан-Од" одонгоор шагнасан юм. Ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон аваргын ээж Ө.Тамир оролцлоо.
Их аварга энэ үеэр Монголдоо харьж ирээд тун сайхан, сэтгэл өөдрөг байгаагаа хэлээд “Монголын тамирчдын анхны олимп бол Токиогийн олимп. Аав минь 1964 оны Токиогийн олимпод тамирчны хувиар оролцож байсан тул би Токиогийн олимп хүртэл зодог тайлахгүй барилдана гэж шийдсэн байсан. Цар тахлаар олимп нэг жил хойшлогдсон ч би Монголын багийн элчин төлөөлөгч, ахлагчийн хувиар оролцсондоо баяртай байгаа. Аавдаа өгсөн амлалтаа биелүүлж чадсан. Монгол Улсын анхны олимп, дэлхийн медалийг аав минь авч байсан. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байгаадаа баярлаж байна. Цаашдаа ч Монголын спортын төлөө ҮОХ-тойгоо хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.
Хакүхо “Би анх мэргэжлийн сүмод орохдоо 62 кг жинтэй байсан. Намайг солонгос хоолны хачир болдог дууяа гэдэг ногоогоор зүйрлэж, “Хөөе Дууяа нааш ир” гэж дууддаг байлаа. Намайг бараг барилдаж чадахгүй гэж байсан ч би ийм амжилтад хүрснээ монгол хүнд маш их нөөц байдаг, орчин нь бэлэн байвал ямар ч амжилт гаргаж чаддагтай холбоотой гэж хардаг. Тиймээс залуу тамирчдадаа хэлэхэд та нарт бүгдэд чинь боломж байгаа шүү. Та нарын хичээл зүтгэлээс шалтгаална гэж хэлмээр байна. Энэ жил Монгол, Япон улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байна. Би Монгол Улсын аялал жуулчлалын элч гэсэн эрхэм цол аваад байгаа. Японд манай Элчин сайдаар ажиллаж байсан С.Хүрэлбаатар гуай “Миний Элчин сайд яах вэ. Манай сүмоч залуус харин Элчин сайдын ажлыг маш сайн хийж байгаа” гэж хэлж байсан юм.
Цаашдаа хоёр улсын хоорондын харилцааны гүүр болж, олимпизмийн төлөө ажиллана гэж бодож байгаагаа хэлмээр байна. 2016 онд би Сүмо бөхийн дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулах эрх авчирч байсан. Сүмо бөх барилддаг улс орон олон байна. Сүмо бол олимпын төрөлд багтаж болох спорт гэж би боддог. Сүмогийн аварга Ваканохана бөхийн үндэс суурийг хайж байхдаа Монголд ирж байсан. Дэлхийд 200 гаруй улс байдгаас өөрийн үндэсний бөхтэй орон хорь гаруй л байдаг. Тэгэхээр сүмо олимпод орвол монгол залуусын олимпын медаль авах боломж улам өснө. Монголын баг тамирчдадаа амжилт хүсье” гэлээ.
Б.Баттүшиг ”МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс хамгийн дээд шагнал “Алтан Од” одонгоо Хакүхо аваргад гардуулан өгөх шийдвэр гаргасан. Хакүхо Монголын баг тамирчдаа дэмжиж, маш олон ажил хийсэн. Токиод Монголын багийг маш сайхан хүлээж авсан. Бид гэртээ байгаа юм шиг л байлаа. Бид хоёр багадаа 40 мянгатын сагсан бөмбөгийн талбай дээр хамтдаа тоглож байсан хүүхдүүд. Тэр үед Даваа намайг барилдах уу гэдэг байлаа. Тэр үеэс л бидэнд их спортын өрсөлдөөн, хор шар суусан гэж би боддог. 2006 онд ёкозүна болоход нь анх Токиод очиж байлаа. Спортыг байнга дэмжиж байдагт нь их баярладаг. Манай ҮОХ-ны байрны дэргэд байгаа энэ талбайд Спорт ордон барих төлөвлөгөөтэй байгаа. Энэ ордонд сүмо бөхийн дэвжээ байгуулсан ч болох юм. Бид Залуучуудын олимпыг Монголд зохион байгуулах саналаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хүргүүлсэн байгаа. Энэ ажлыг минь дэмжиж ажиллахыг багын найз аваргаасаа хүсэж байна” гэж ярилаа.
Ёслолын үеэр Хакүхо нэгэн шинэ мэдээ дуулгалаа.
Их аварга өөрийн аав, Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат агсны алдрыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг нийслэл хотод, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулахаар болсон байна.
Аваргын ээж Ө.Тамир “Өнөөдөр би их баяртай байна. Даваажаргалын аав бол Монголд анх удаа олимп, дэлхийн медаль авчирч байсныг та бүхэн мэдэж байгаа. Биднийг Японд байх үед Аавуудын баяр гэж болоод Японы чөлөөт бөхийн холбооноос урьж байсан. Тэд “Танай аав нэг ч ялагдаагүйгээр олимпын мөнгөн медаль авсан. Тэр үеийн дүрэм тийм хэцүү байсан. Ж.Мөнхбат бол үнэндээ олимпын аварга хүн” гэж хэлж байсан. Аав нь маш олон удаа Монголын анхдагч болж, зам нээж байсан хүн тул хүү нь ч бас анхдагч болж байгаад баяртай байдаг. Миний хүү сая Гиннесийн номонд найм дахь амжилтаа бүртгүүлээд ирлээ. Залуучууд та нарт хэлэхэд та бүхэн энэ гаргасан мөр замаар нь амжилтын буухиаг улам ахиулж, алтан медалийн төлөө хичээн зүтгэж, амжилт гаргахыг хүсэж байна”
Сэтгэгдэл ( 9 )