Тэрүнофүжигийн Ёкозүна цолны найр боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжигийн аварга цолны найр өчигдөр /2022,10,16/ Токио хотод болж, Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ояката, олимпын хошой аварга жүдоч Оно Шёохэй тэргүүтэй 1100 хүн оролцлоо.

Тэрүнофүжи өнгөрсөн жилийн долоодугаар сард ёкозүна цол хүртсэн ч цар тахлын улмаас тэмдэглээгүй байсан юм.

Ёслолын үеэр Тэрүнофүжи “Ёкозүна цол авчхаад бүтэн жил гаруй ёслол хийгээгүй тохиолдол урьд өмнө байгаагүй гэсэн. Хүлээн авалтаа хийгээд их баяртай байна. Цаашдын зорилго түрүүгээ хоёр оронтой тоонд хүргэх” гэж ярьсан байна. Тэрээр нийт 7 түрүүлснийхээ гурван цомыг нь ёкозүна цол хүртсэнийхээ дараа авсан юм.

Аварга өнгөрсөн есдүгээр сарын башёд хоёр өвдөгний архаг гэмтэл нь сэдэрсний улмаас тэмцээний голоос гарсан. Одоогийн байдлаар мэс засал хийлгэх эсэхээ шийдээгүй байгаа юм. Ирэх сард эхлэх Кюүшюү башёд зодоглох эсэхээ эмч, ояката багштайгаа ярилцаж байж, шийдэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top