Карим Бензема Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

Энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн нэр албан ёсоор тодорлоо. Бүгдийн таамаглаж, бодож байсанчлан Францын шигшээ, Испанийн “Реал” Мадрид багийн довтлогч Карим Бензема “Алтан бөмбөг” шагналын эзэн боллоо. Бензема хувийн болон багийн амжилтаар энэ шагналыг авах нь гарцаагүй гэж шинжээчид ярьж байсан билээ. Карим 34 насандаа замналынхаа оргилд хүрлээ. Тэрээр Реал багийн төлөө 32 тоглолтод оролцож, 28 гоол оруулсан юм.

2008 оноос хойш “Алтан бөмбөг”-ийг Лионель Месси, Криштиану Роналду хоёроос өөр тоглогч авч байгаа хоёр дахь тохиолдол нь энэ байлаа. 2018 онд мөн “Реал” Мадрид багийн хорват хагас хамгаалагч Лука Модрич энэ шагналыг авч байсан бол 2020 онд цар тахлын улмаас шагнал гардуулаагүй юм.

Дэлхийн шилдэг тоглогчид 2022

1. Карим Бензема (Реал)

2. Садио Мане (Ливерпуль)

3. Кевин де Брейне (Манчестер Сити)

4. Роберт Левандовски (Бавари)

5. Мохамед Салах (Ливерпуль)

6. Килиан Мбаппе (ПСЖ)

7. Тибо Куртуа (Реал)

8. Винисиус Жуниор (Реал)

9. Лука Модрич (Реал)

10. Эрлинг Холанд (Борусси Д)

11. Сон Хын Мин (Тоттенхэм)

12. Рияд Марез (Манчестер Сити)

13. Себастьян Аллер (Аякс)

14. Фабиньо (Ливерпуль), Рафаэл Леау (Милан)

16. Виржил ван Дейк (Ливерпуль)

17. Каземиро (Реал), Душан Влахович (Ювентус), Луис Диас (Порту)

20. Криштиану Роналду (Манчестер Юнайтед)

21. Гарри Кейн (Тоттенхэм)

22. Трент Александер-Арнольд (Ливерпуль), Фил Фоден (Манчестер Сити), Бернарду Силва (Манчестер Сити)

25. Йозуа Киммих (Бавари), Майк Меньян (Милан), Антонио Рюдигер (Челси), Жоау Канселу (Манчестер Сити), Кристофер Нкунку (Лейпциг), Дарвин Нуньес (Бенфика).

Орчин үеийн хөлбөмбөгийн хоёр том од алгуурхан дэлхийн тавцангаас буусаар байна. Месси 2005 оноос хойш анх удаа “Алтан бөмбөг” шагнал горилогчдын эгнээнд ороогүй бол Роналду 2005 оноос хойш анх удаа хамгийн доод байр буюу 20 дугаар байрт орлоо.

Карим Бензема шагналаа аваад “Маш их баярлалаа. Амар хөнгөхөн зам байгаагүй. Би нэг хэсэг шигшээ багт тоглоогүй ч шигшээдээ эргэн ирсэндээ баяртай байна. Хүнд хэцүү үеийг даван туулж чадсандаа баярлаж байна. Реал баг, шигшээ багийн нөхөд, багийн Ерөнхийлөгчдөө баярлалаа. Ерөнхийлөгч маань үргэлж дэргэд байж, надад боломж бололцоо олгож байлаа. Таныг би гэр бүлийнхээ нэгэн гишүүн гэж үздэг шүү. Энэ шагнал хувийн шагнал ч талархал нь хамт олных билээ. Хүүхэд цагийн минь мөрөөдөл биеллээ. Ээж минь надад их тусалсан, өнөөдөр надтай хамт ирсэнд тань баярлалаа” гэж хэллээ.

Францын тоглогч хамгийн сүүлд “Алтан бөмбөг” шагналыг 1998 онд авч байсан бөгөөд тэр нь Зинедин Зидан байлаа. Түүнээс өмнө дэлхийн шилдгээр Францын Раймон Копа (1958), Мишель Платини (1983, 1984, 1985), Жан-Пьер Папен (1991) нар шалгарч байлаа.

Тибо Куртуа – Дэлхийн шилдэг хаалгач

Өнгөрсөн жил багаа Аваргуудын лигийн оргилд хүргэсэн “Реал” Мадрид багийн хаалгач Тибо Куртуа Лев Яшины нэрэмжит дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хүртлээ. France Football сэтгүүлээс энэ шагналыг 2019 онд гаргасан бөгөөд “Ливерпуль” багийн Алисон Беккер авч байв. 2021 онд Италийн шигшээ, ПСЖ багийн хаалгач Жанлуижи Доннарумма хүртэж байлаа. Энэ жил шилдэг хаалгачийн шагналд Алисон (Ливерпуль), Эдерсон (Манчестер Сити), Мануэль Нойер (Бавари), Яссин Боно (Севилья), Эдуард Менди (Челси), Мик Меньян (Милан), Ян Облак (Атлетико), Кевин Трапп (Айнтрахт), Уго Льорис (Тоттенхэм) нар өрсөлдлөө.

Гави – Оны шилдэг залуу тоглогч

Дэлхийн шилдэг залуу тоглогчоор “Барселона” багийн хагас хамгаалагч Гави тодорлоо. Энэ шагналыг 21 хүртэлх насны залуучуудад олгодог бөгөөд 18 настай Гави тэргүүлсэн юм. Түүнтэй Карим Адейеми, Жуд Беллингем (хоёул – Борусси Дортмунд), Эдуарду Камавинга (Реал), Райан Гравенберх, Жамал Мусиала (хоёул – Бавари), Йошко Гвардиол (РБ Лейпциг), Нуну Мендеш (ПСЖ), Букайо Сака (Арсенал), Флориан Вирц (Байер) нар өрсөлджээ.

Путельяс – Дэлхийн шилдэг эмэгтэй тоглогч

Эмэгтэй хөлбөмбөгт “Барселона” багийн од Алексия Путельястай эн зэрэгцэх хүн одоогоор алга. Тэрээр хоёр жил дараалан энэ шагналыг авч байна. 2018 оноос эхлэн олгож эхэлсэн энэ шагналыг өмнө нь Норвегийн Ада Хегерберг, Америкийн Меган Рапино хоёр авч байв.

Садио Мане – Сократесийн нэрэмжит шагналт

Энэ жилээс Бразилын алдарт тоглогч Сократесийн нэрэмжит шагнал олгодог болсон. Сократес Бразилд цэргийн дэглэмтэй идэвхтэй тэмцдэг байсан бөгөөд 2011 онд нас барсан. Энэ шагналыг хүмүүнлэгийн төсөлд идэвхтэй оролцож, шударга ёсны төлөө тэмцдэг хөлбөмбөгчид олгох юм. Сенегалд ард түмнийхээ төлөө маш их хөрөнгө мөнгө зарцуулж байгаа Мане эхний шагналын эзэн боллоо.   

Левандовски – Герд Мюллерийн нэрэмжит шагналын эзэн

Энэ улирлын шилдэг довтлогч, Герд Мюллерийн нэрэмжит шагналыг Роберт Левандовски хүртлээ. Түүнийг энэ удаа хэлмэгдүүлэх ёсгүй байлаа.

Реал Мадрид – Оны шилдэг клуб

Дэлхийн шилдэг багаар Английн “Манчестер Сити” шалгарсан. Тэд Аваргуудын лигийн аварга Мадридын “Реал” багийг даван гарсан юм. Шүүгч нарт МС багийн эмэгтэй багийн амжилт ихэд нөлөөлсөн нь мэдээж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top