Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжигийн аварга цолны найр энэ сарын 16-нд Токио хотод болж, Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ояката, олимпын хошой аварга жүдоч Оно Шёохэй тэргүүтэй 1100 хүн оролцлоо. Мөн Сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирсэн юм.
Тэрүнофүжи өнгөрсөн есдүгээр сарын башёд хоёр өвдөгний архаг гэмтэл нь сэдэрсний улмаас тэмцээний голоос гарсан. Одоогийн байдлаар мэс засал хийлгэх эсэхээ шийдээгүй байгаа юм. Ирэх сард эхлэх Кюүшюү башёд зодоглох эсэхээ эмч, ояката багштайгаа ярилцаж байж, шийдэх гэнэ.
Ёкозүнагийн зөвлөлийн гишүүн Сүгита Рёоки ёслолын үеэр “Дараагийн тэмцээнд барилдахгүй бол Ёкозүнагийн зөвлөл шүүмжлэх байх гэж санаа зовох хэрэггүй. Энэ талаар бодох хэрэгцээ байхгүй шүү. Юуны өмнө гэмтэл бэртлээ бүрэн эдгээгээд дохёндоо эргэн ирээрэй. Бид хүлээж л байна. Кюүшюү башёд заавал зодоглох гэж яарах хэрэггүй. Зөвлөлийн тэргүүн Коомүра Масахико өнөөдөр ирж амжаагүй ч Тэрүнофүжи аварга болон Исэгахама оякатад “Эмчилгээндээ бүрэн анхаараарай. Японы хамгийн шилдэг анагаах ухааны технологийн ач тусаар бүрэн эдгээрэй” гэж хэлснийг дамжуулъя” гэж хэллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Тиймээ. Гэмтлээ бүрэн эдгээгээд барилдах нь зөв шүү! Ёкозунагийн зөвлөл дэмжиж байгаа дээр нь эмчлүүлээд ав!
Сайхан мэдээ байна. Бэртлээ эдгээгээд сайн барилдаарай. Залуу минь