ОУОХ-ны Дэд Ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч Монголд айлчилж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

ОУОХ-ны Дэд Ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч айлчлалынхаа үеэр Олимпик хауст зочиллоо.  

Уг арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Ч.Амарсанаа, Д.Отгондалай болон чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт тамирчин М.Лхагвагэрэл дасгалжуулагч Б.Баттулгын хамт байлцав.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр манай тамирчдын сүүлийн үед оролцсон тэмцээн уралдаан, олимпын наадмуудын үр дүнгийн талаар танилцуулж, ирэх онд Улаанбаатар хотноо зохиогдох Зүүн Азийн залуучуудын наадмын мэдээллийг өглөө.

Манай эх оронд ажлын айлчлал хийж буй ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Үүний дараа нийслэлийн Засаг дарга, “Парис-2024” олимпын Монголын багийн ахлагч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар ноён Самаранчийг хүлээн авч уулзлаа. Засаг дарга Д.Сумъяабазар уулзалтын үеэр Улаанбаатар хотын ерөнхий мэдээллийг өгч, ирэх онд нийслэл хотноо зохиогдох Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын талаар танилцуулав.

Ноён Самаранч нь ОУОХ-ны долоо дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн хүү бөгөөд 2016-2020 он болон 2022 оноос хойш ОУОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Түүний аав Хуан Антонио Самаранч манай эх оронд хоёр ч удаа айлчлан ирж байсан бөгөөд 1987 онд ОУОХ-ны ерөнхийлөгчийн хувиар айлчлан ирэхдээ МҮОХ-ны Олимпын музейн нээлтэд оролцож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top