Иранд чөлөөт бөхийн багийн лигийн тэмцээн эхэллээ. 22 дахь удаагаа явагдаж байгаа тус тэмцээнд найман баг хоёр хэсэгт хуваагдан оролцоно. Хэсэгт багууд хоорондоо тус бүр хоёр удаа барилдана. Хэсгээс шалгарсан шилдэг дөрвөн баг Тегеранд цугларч, нэг өдрийн дотор аварга, медальтнуудаа шалгаруулах юм.
Лигийн дүрэм ёсоор багууд Үндэсний шигшээ багийн бөх гурваас дээшгүй, гадаадын легионер хоёроос дээшгүйг мэдүүлэгт багтаах ёстой.
Лигийн тэмцээний хамгийн үнэтэй бөх нь Ираны шигшээ багийн лидер, “Шахр” багийн гишүүн Хасан Яздани (86 кг). Тэр хоёр барилдаанд 30 мянган ам.доллар авах гэрээтэй. “Шахр” багт түүнтэй хамт 2022 оны дэлхийн аварга Рахман Амузадхалили (65 кг), Мохаммад Мохаммадиан (97 кг) нар барилдана. Дасгалжуулагч нь дэлхийн хошой аварга Реза Яздани.
Аварга болох бас нэгэн магадлалтай баг нь "Хутан”. Энэ багт дэлхийн хошой аварга Камран Гасемпур (92 кг), 2020 оны Белградын ДАШТ-ий мөнгөн медальт Мохаммад Ноходи (79 кг), ДАШТ-д эхний тойрогт Израилын бөхтэй таараад барилдаагүй Амирмохаммад Яздани (70 кг) нар байгаа. “Хутан” багийг олимпын аварга Комейл Гасеми удирдаж байгаа.
Гадаадын легионеруудын хувьд багууд одоо гэрээ байгуулахаар ажиллаж байна. ДБНХ-ноос орос бөхчүүдийг Ираны лигт барилдахад хориг тавихгүй шинжтэй байгаа.
Иранд одоо ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгаа. Жагсаалд оролцогчдыг олимпын аварга, Ираны бөхийн холбооны тэргүүн асан Расул Хадем дэмжсэн. Засгийн газраас түүний гадаад паспортыг хураан авч, анхааруулга өгсөн байна. Ираны хөлбөмбөгийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Али Даеи, Мюнхений “Бавари” багийн тоглогч асан Али Карими, сонгомол барилдааны Алиреза Нежати зэрэг тамирчид мөн эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )