Буудлага спортын ДАШТ замынхаа хагасыг тууллаа

Админ | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

Ц.Энхтүвшин , "Таван цагариг"

Буудлага спортын дэлхийн аварга шалгаруулах ( ISSF World shooting championships) 53 дахь удаагийн тэмцээн Египетийн Каир хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээн "Парис-2024" Олимпын эрхийг олгох тул (олимпын дасгал тус бүрд эхний дөрвөн байрт орсон тамирчид) 88 орны 1088 " мэргэн буучид" цэц сорьж байна. Кайрын "галын шугамд" манай Монголын буудлага спортын шигшээ баг өргөн бүрэлдэхүүнээр оролцож буй.

Өнөөдрийн байдлаар манай тамирчдаас хамгийн сайн амжилтыг хийн гар бууны эмэгтэй баг үзүүлээд байна.

Манай эмэгтэй баг урьдчилсан буудалтад 853-25х оноо авч, (Ц.Анударь 286, Э.Хишигдэлгэр 285, Т.Баярцэцэг 282 оноо) 20 багаас шигшээ наймд шалгарсан. Ингээд хоёр дахь шатанд буюу шигшээ наймд 567-17х оноо авч, дөрөвт эрэмбэлэгдэн хүрэл медалийн төлөө өрсөлдсөн боловч Ираны багт 14:16 -аар ялагдан дөрөвдүгээр байрт орлоо.

Хийн гар бууны эрэгтэй багийн дасгалд манай баг 23 багаас 847-16х оноогоор ( Э.Даваахүү 285, П.Тэргэл 281, О.Төгөлдөр 281 оноо) 18 дугаарт бичигдлээ.

10 м-ийн хийн урт бууны (олимпын дасгал) эмэгтэйчүүдийн дасгалд 135 тамирчин цэц сорьсноос О.Есүгэн 629.8 оноогоор 9 байрт орж, шигшээ наймд шалгарахад ердөө 0.2 оноо дутлаа. Энэ дасгалд Г.Нандинзаяа 624.1 оноогоор 66-р байрт, О.Янжинлхам 621.8 онож 93-р байрт бичигдэв.

Эрэгтэйчүүдийн дасгалд 114 буудагч оролцож, Н.Баяраа 623.7 оноогоор 64-т, Д.Лхагвасүрэн 606.3 оноогоор 107-д тус тус орлоо.

Мөн олимпын дасгал болох 10 м-ийн хийн гар бууны дасгалд эмэгтэйчүүдэд 108  тамирчин орж, манай Ц.Анударь 579 онож, шигшээ наймд багтахад ганцхан оноо дутлаа. Э.Хишигдэлгэр 572 оноогоор 34-р байрт, Т.Баярцэцэг 565 оноогоор 61-д бичигдлээ.

Хийн урт бууны эмэгтэй багийн тэмцээнд 30 баг оролцож, манай "мэргэн буудагч" бүсгүйчүүд 938.5 (О.Есүгэн 315.2, Г.Нандинзаяа 313.2, О.Янжинлхам 310.1 оноо) оноогоор 12 дугаар байрыг эзлэв.

Хийн урт бууны холимог багийн дасгалд (нэг эм, нэг эр) 68 баг оролцлоо. Манайхаас хоёр баг оролцсоноос "Монгол -1" 629.3 оноогоор (О.Есүгэн 315.7, Н.Баяраа 313.6) наймдугаар, "Монгол -2" 609.2 оноогоор (Г.Нандинзаяа 312.5, Д.Лхагвасүрэн 296.7 оноо) 67 дугаар байрт бичигдэв.

Олимпын дасгалд багтсан 10 м-ийн хийн гар бууны холимог багийн дасгалд нийтдээ 57 баг, манайхаас мөн хоёр баг оролцов.

"Монгол-2" баг 566-11х оноогоор (Т.Баярцэцэг 283, П.Тэргэл 283) 41 дүгээрт, "Монгол-1" 564-19х оноогоор (Ц.Анударь 283 , Э.Даваахүү 281) 44 дүгээрт тус тус орлоо.

Урт бууны 50 метрийн хэвтээгээс буудах дасгалд холимог багийн тэмцээнд 36 баг оролцож, "Монгол-2" баг 617.9 оноогоор (О.Есүгэн 309.7, Н.Баяраа 308.2) 23 дугаар байрт, "Монгол-1" баг 304.6 оноогоор (Г.Нандинзаяа 304.6, Ж.Ганхуяг 310 оноо) 30 дугаар байрт оров.

Г.Нандинзаяа-Ж.Ганхуяг хоёр маань аав-охин, багш-шавь төдийгүй нэг баг болон ДАШТ -д буудаж, ховор түүх бүтээлээ.

25 м-ийн стандарт гар бууны холимог багийн дасгалд 14 баг цэц мэргээ үзэж, урьдчилсан буудлагад манай "Монгол-2" баг 564-18х оноогоор (Ц.Мөнхзул 279 оноо, Э.Даваахүү 285 оноо) тавдугаарт эрэмбэлэгдэн шигшээд шалгарсан. Харин "Монгол -1" баг маань 543-9х оноогоор (Э.Хишигдэлгэр 265, О.Төгөлдөр 278 оноо) 13-т бичигдэв.

Шигшээ шатанд "Монгол-2" баг маань 366-5х оноогоор (Ц.Мөнхзул 179, Э.Даваахүү 187) медалийн төлөө өрсөлдөөнөөс 4 оноогоор дутлаа.

Өнөөдрийн байдлаар (10 сарын 19) "Кайр-2022" буудлага спортын ДАШТ-ийг медалийн чанараар БНХАУ 16 медалиар (6 алт,5 мөнгө,5 хүрэл) тэргүүлж , Энэтхэг 6 ( 2-2-2), АНУ 4 ( 2-1-1) удаалж байна.

Буудлага спортын ДАШТ аравдугаар сарын 27-нд өндөрлөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top