Шёодай ОЗЭКИ цолныхоо найрыг хийлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

Токицүказэ дэвжээний арслан Шёодай озэки цолныхоо найрыг Токиогийн нэгэн зочид буудалд хийж, 400 гаруй зочин уригдан оролцжээ.

Цар тахлын улмаас хоёр жил хойшлогдсоны эцэст цолоо тэмдэглэж байгаа нь энэ бөгөөд энэ хоёр жилийн дотор цолоо алдахад ойрхон байсан үе олон байлаа. Озэки цол аваад 12 башё барилдахдаа тавд нь 50 хувийн амжилт үзүүлээгүй. Өнгөрсөн Намрын тэмцээнийг ч 4 даваа, 11 унаатай өндөрлүүлсэн. Ирэх тэмцээнд кадобан барилдах тул Кюүшюүд 50 хувь үзүүлж чадахгүй бол найраасаа сарын дараа л цолоо алдсан хэрэг болох юм.

Ёслолын үеэр Шёодай “Үнэнийг хэлэхэд Озэки цолны дарамтад орж, сэтгэл санааны хямралд орсон үе ч байлаа. Намрын тэмцээнд сэтгэл зүйн хувьд тун хэцүү байсан. Дараалан унаад хэт их юм бодсоны уршиг гэж бодож байна. Ирэх 11 дүгээр сарын тэмцээнд Кюүшюүгийн уугуул бөхийн хувьд сайн барилдахыг хичээх болно. Энэ ёслолын ачаар сэтгэл санаа, бие махбодоо бүрэн цэнэглэхийг хүсэж байна. Өнөөдөр энд ирсэн та бүхний ачийг зүтгэлээр хариулна” гэж ярилаа.

Хэдий цолны найр хэмээх баяр ёслол ч гэсэн Сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккакү ояката “Озэки бол Эдо үеэс эхлэлтэй, Шёова эрин хүртэл сүмо бөхийн хамгийн дээд цол байсан. Шёодайд озэки цолын үүрэг хариуцлагыг ухамсарлаж, цолоороо бахархан, сайн барилдахыг хүсэж байна. Үнэнийг хэлэхэд одоогийн Шёодай озэки цолтон шиг барилдаж чадахгүй байгаа. Бэлтгэл сургуулиа илүү сайн хийх хэрэгтэй” гэсэн хатуу үг чулуудлаа.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top