Михаил Мамиашвили: Тедеевийг ажиллуулах газар олон бий

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Тедеевтэй холбоотой асуудлаар тодруулга хийлээ. Жамболат Тедеев сэтгүүлчдэд Мамиашвилигийн шийдвэрээр түүнийг шигшээ багийн цалингийн жагсаалтаас хассан гэж мэдээлээд байсан билээ.

Михаил Мамиашвили “Жамболат Ильичийг ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлсөн үү, гэж үү? Үүнийг би биш холбооны Гүйцэтгэх зөвлөл шийднэ. Түүнд маш их ажил, үүрэг, хариуцлага бий. Тедеев холбооны дэд ерөнхийлөгч шүү дээ. Миний мэдэж байгаагаар тэр бөхийн хөгжлийн төлөө үргэлжлүүлэн зүтгэх хүсэлтэй байгаа, гэхдээ өөр түвшинд. Өөрөөр хэлбэл Дэд ерөнхийлөгчийн хувиар ажиллахад дасгалжуулагчаас илүү хариуцлагатай, ажил нь ч илүү утга учиртай. Халсан, халаагүй гээд л яриад байх юм. Энэ бол улиран хувьсах явц. Гүйцэтгэх зөвлөлөөс Тедеевийн мэдлэг, туршлагыг цаашдаа хэрхэн ашиглах асуудлыг хэлэлцэнэ. Тэр бол манай холбооны салшгүй нэгэн хэсэг. Түүнийг ажиллуулж болох газар маш их байна. Шигшээ багийг орхихгүй гэсэн хүслийг нь ч харгалзан үзнэ. Энэ асуудлыг хөгжлийн нэгэн хэсэг, Тедеевийн карьер замналын өсөлт гэж үзэж болно” гэж ярьсан байна.

Спорт бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл энэ долоо хоногт хуралдах гэнэ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top