ОХУ-ын Спорт бөхийн холбоо, шигшээ багийн зөрчилдөөн даамжирсаар байна. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Тедеев гэрээ нь дуусаагүй байгаа ч багийн цалингийн жагсаалтаас хасагдсанаа хэлсэн бол холбооны тэргүүн Мамиашвили түүнийг өөр албан тушаалд ажиллуулах бодолтой байгаагаа илэрхийлсэн. Ер нь дүгнээд хэлэхэд ахлах дасгалжуулагч солигдох нь бараг ойлгомжтой болжээ.
Энэхүү албан тушаалд 2004 оны олимпын аварга, дэлхийн 5 удаагийн аварга Хажимурат Гацалов сонгогдох магадлал хамгийн өндөр байгааг шинжээчид хэлж байгаа. Гацалов зодог тайлсныхаа дараа Казахстан, Якутын шигшээ багт ажиллаж байсан. Осет үндэстэн.
Оросын сэтгүүлчид түүнд хандан, тодруулга өгөхийг хүсжээ. Гацалов “Үнэнийг хэлэхэд нэг л эвгүй байна. Жамболат Ильич Тедеев бол гавьяатай хүн. Түүний удирдлага дор ОХУ-ын шигшээ баг олон жилийн турш тогтмол өндөр амжилттай явж ирсэн. Би яг юу болоод байгааг сайн ойлгохгүй байгаа учраас бодит дүгнэлт хэлж чадахгүй байна. Миний сонссоноор бол түүнтэй гэрээгээ сунгаагүй гэсэн. Харин ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй. Надад шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаач гэсэн санал хэн ч тавиагүй. Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар л шийдэх болно. Надад ийм санал ирлээ ч би Жамболат Ильич үнэхээр ажлаа өгсөн гэдгийг сонсож байж л зөвшөөрөх болно. Би хэзээ ч хэн нэгний албан тушаал, байр суурийг эзлэх гэж дайрч байгаагүй. Цаашдаа ч тэгэхгүй. Надад өөрийн гэсэн зарчим бий. Бүх зүйл шийдэгдсэний дараа санал тавихад би хүлээж авах эсэхээ шийднэ. Би шигшээ багийг сайн мэднэ, Михаил Мамиашвили болон дэд ерөнхийлөгчид, тамирчидтайгаа сайн харилцаатай. Шигшээ багийн ажил, бэлтгэлийн системийг мэднэ. Яагаад шигшээ багийн ахлахаар ажиллаж болохгүй гэж” хэмээн ярьсан байна.
Гацалов 39 настай. 2004 оны олимпын наадамд холимог тулааны UFC холбооны ирээдүйн аварга Дэниэль Кормьег ялж байлаа. 2020 онд Армены иргэншил авч, дахин барилдаж байв.
Сэтгэгдэл ( 0 )